Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны “амьд лаборатори”

April 17, 2025
Aerial view of a vast green landscape with a highway and mountain backdrop under a blue sky.

Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны “амьд лаборатори”

Монгол орны нийт газар нутгийн 80 орчим хувь нь доройтолд өртсөн нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсыг цөлжилт хэмээх дэлхий нийтийн өмнө хурцаар тулгамдаж буй асуудлын халуун цэг болгож буй. Өвс ургамлын гарц буурч, орон нутгийн иргэдийн амьжиргаа ган, салхины нөлөөнд нэрвэгдэж буй нь газрын доройтлын ноцтой үр дагавар. Гэхдээ үүнийг бууруулах, зогсоох, түүнээс сэргийлэх бодит гарц шийдлүүдийг ч мөн Монгол Улсаас харж болохоор байна.

Иймээс ч Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17) зохион байгуулах гэж байна. Тус хурал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг дэлхий нийтийн хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх олон улсын чухал индэр юм. Монгол Улс тус хурлыг зохион байгуулах болсон нь зөвхөн газар нутгийн доройтлын цар хүрээг бус, харин экосистемийг нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах дэлхийн хэмжээний санал, санаачилгуудад Монгол Улсын хувь нэмэр улам тод томруун болж буйг мөн илэрхийлж байна. 

Монгол орны бэлчээрийн экосистем нь дэлхийн хамгийн эмзэг системүүдийн нэгд тооцогддог. Цөлжилт нь биологийн олон янз байдал, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдал зэрэгт шууд заналхийлж байна. Монгол Улсын зүгээс доройтсон экосистемийг сэргээх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, НҮБ-аар 2026 оныг “Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон тунхаглуулах зэргээр олон улсын тавцанд далайцтай санаачилгууд гаргаж буй. Харин COP17-ыг зохион байгуулснаар Монгол Улс газар нутгаа хамгаалахад хуримтлуулсан туршлагаа, бодит шийдлээ дэлхийтэй хуваалцана.

Five individuals at a ribbon-cutting ceremony with balloons and decorations in an outdoor setting.

Элсэнтасархай дахь Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвийн нээлтийн үйл ажиллагаа, 2011 он

НҮБХХ

Эдгээр туршлагын нэг тод жишээ бол Элсэнтасархай дахь Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв юм. Хуурай хээр болон цөлөрхөг хээрийн бүсийн зааг стратегийн онцгой ач холбогдолтой байршилд орших энэхүү 45 га талбай бүхий судалгааны төв нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад ердөө гурав байдаг шинжлэх ухаан, туршилт судалгааны баазын нэг юм. Тус төв нь газрын доройтлыг бууруулах, газрын тогтвортой менежментийн шийдлүүдийг газар дээр нь туршин нэвтрүүлэх замаар Монгол орны цөлжилттэй тэмцэх арга барилыг шинэ шатанд гаргахад дорвитой дэмжлэг үзүүлж байна. 

Швейцарийн Хөгжлийн Агентлаг (ШХА) болон Нидерландын Засгийн газрын санхүүжилтээр 2008–2012 онд хэрэгжсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент” төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан уг төв нь анх судалгааны талбар байсан бол өнөөдөр олон нийтийн дэмжлэгтэй, үр дүнгээ өгч буй арга технологийн шийдлүүдийг турших “амьд лаборатори” болон хөгжжээ. Төслийн дэмжлэгээр станцад сургалтын төвын байр, нарны зайн эх үүсгүүр, тээврийн хэрэгсэл зэрэг шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлж, мөн залуу судлаачдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан нь төвийн 14 жилийн турш тасралтгүй, тогтвортой ажиллах нөхцөл болжээ. 

Энд шинжлэх ухаанд суурилсан олон шийдлүүдийг туршиж байна. Тус төвд элсний нүүлт хөдөлгөөнийг сааруулах сүрлэн хаалт, эвдэрсэн газрын дагуу салхинаас хамгаалах ойн зурвас, ховордсон болон устаж болзошгүй мод сөөг ургамлыг тарималжуулах зэрэг арга хэмжээг газар дээр нь туршдаг. Эдгээр арга хэмжээнүүдийг зөвхөн онолын хүрээнд бус, харин Монгол орны хуурай гандуу, салхины элэгдэл ихтэй, хатуу ширүүн нөхцөлд, яг бодит орчинд туршиж баталгаажуулдаг.

“Бид үүнийг Төв гэж нэрлэдэг ч үнэндээ энэ бол амьд лаборатори” хэмээн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх доктор А.Хауланбек хэлэв. Тэрбээр уг төвийг үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаанд нь удирдан, чиглүүлэх чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тэргүүлэх эрдэмтэн юм. “Бидний энд туршиж буй бүхэн онол дээр бус, харин малчид болон иргэдийн өдөр тутам тулгардаг хатуу ширүүн нөхцөлд ч үр дүнтэй байх ёстой.”

Төвийн нөлөө түүний хашаа хязгаарлагдахгүй аж. Энд хийгдсэн судалгааны үр дүн нь Монгол Улсын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр цаашлаад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон уур амьсгалд дасан зохицох хөгжлийн төлөвлөлт зэрэг томоохон санаачилгуудад хувь нэмрээ оруулж байна.

A sign in a barren landscape, with mountains in the background and a clear blue sky.

Элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас

НҮБХХ

Тус төвийн хэрэгжүүлсэн амжилттай туршилтын нэг бол салхины хамгаалалтын ойн зурвас байгуулах туршилт, судалгаа юм. Эвдэрч доройтсон газрын дагуу тухайн орон нутаг, байгалийн тогтцод тэсвэртэй модыг эгнүүлэн тарьсан бөгөөд эдгээр зурвас нь салхины хүчийг бууруулж, элсийг тогтворжуулснаар олон наст бэлчээрийн өвс ургамал байгалийнхаа аясаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ нь байгальд суурилсан шийдлүүд цөлжилтийг сааруулж, газрыг нөхөн сэргээж болдгийг харуулсан бодитой туршлага юм.

“Энэ бол зүгээр л мод тарих тухай асуудал биш,” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска онцлон хэлэв. “Хамгийн гол нь юу үр дүнтэй ажиллаж байгааг газар дээр нь туршиж, баталгаажуулж, улмаар түүнийг улс орон даяар түгээж, өргөжүүлэх тухай юм. Энэ станц бол Монгол Улсын газрын доройтлыг бууруулах ажилд бодитоор хувь нэмрээ оруулж байна.” 

Мөн Булган, Өвөрхангай, Төв аймгийн хилийн зааг нутагт 10 га талбай бүхий элсэн манханд 1x1 метр хэмжээтэй сүрлээр элсний нүүлт хөдөлгөөнийг сааруулах механик хамгаалалт хийх туршилт хийжээ. Эдгээр торнууд нь элсний хөдөлгөөнийг 3–4 жилийн турш тогтворжуулж, ургамалжуулах ажилтай хавсарган өндөр үр дүнтэй ажил болжээ.

Сургалт, олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох нь ч мөн төвийн үйл ажиллагааны чухал хэсэг юм. Орон нутгийн засаг захиргаа, байгаль хамгааллын байгууллагуудтай хамтран газрын доройтлыг үйл явцыг хянах, мод ургамлын үр үржүүлэг болон байгаль хамгааллын талаар тогтмол сургалт, семинар зохион байгуулдаг. Малчид, нутгийн захиргааны ажилтнууд, оюутан, эрдэмтэн судлаачдын хувьд энэ станц нь зөвхөн судалгааны газар төдийгүй тус сурч мэдэх, хэрэгжүүлж эхлэх бодит орон зай юм.

“COP 17 хурлын үеэр бидний дэлхий нийтэд Монгол Улсын туршлага болгон харуулахыг хүсэж буй ажлын энэ төвөөс харж болж байна. Энэ бол орон нутаг, төр, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг дэлхийн нийтийн өмнө хурцаар тулгамдаж буй цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд ашиглах боломжтойг харуулсан үлгэр жишээ загвар юм” хэмээн ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, COP 17 Бэлтгэл ажлын албаны дарга Н. Чимгүүндарь онцлов.

Solar panels installed outdoors beside a white yurt under a blue sky.

Элсэн тасархай дахь Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв

UNDP Mongolia

Тус төв нь мөн байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг. 2011 оноос хойш нарны эрчим хүчээр ажилладаг гүний худаг ажиллуулж мөн нарны зайн үүсгүүрээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг ашигладаг. Энэхүү нь нүүрсэнд суурилсан цахилгаан эрчим хүчний системтэй харьцуулахад илүү цэвэр, тогтвортой ажиллагааг хангаж өгдөг. 

Газрын доройтол, цөлжилтийн асуудлаар шинжлэх ухаанчаар, бодитойгоор ханддаг мэдлэг, туршлага ихээр шаардлагатай байгаа энэ үед уг төв нь зөвхөн судалгааны талбар бус, ирээдүйн эрдэмтдийн мэдлэг олж авах, ур чадвараа хөгжүүлэх чухал төв болон төлөвшиж байна. Өнөөг хүртэл нийт 40 гаруй судалгааны ажлыг дэмжсэн бөгөөд үүнд олон улсын таван хамтын ажиллагааны төсөл багтжээ. Түүнчлэн БНСУ зэрэг гадаадын болон дотоодын магистр, докторын оюутнууд эндээс төрөн гарч салбарын боловсон хүчин болон мэдлэгийн цар хүрээг олон улсын түвшинд тэлж байна.

ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин Сайд, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч Суурин төлөөлөгч Лин Цао тэргүүтэй төлөөлөгчид Булган аймгийн Рашаант сумын нутаг дахь Элсэн тасархайд байрлах Цөлжилттэй тэмцэх туршилт, судалгааны станцад ажиллах үеэр, 2025 он

UNDP Mongolia

“Манай төслийг дэмжсэн Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Нидерландын Засгийн газрын хөрөнгө оруулалт энэ газар нутагт бодит нөлөө үзүүлж байгаад бид баяртай байна. Элсэн тасархайн энэ жишээ зөвхөн энэхүү газраар хязгаарлагдахгүй. Энэ бол газар нутгийн өөрчлөлт, мэдлэгийн хуримтлал, үндэсний чадавхыг бий болгосон түүх юм” хэмээн Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэллээ.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаж буй энэ үед Элсэн тасархайн төв нь шинжлэх ухаанд тулгуурласан, туршлагаар баталгаажсан, орон нутгийн онцлогт тохирсон шийдлүүд дээр суурилсан бодитой, хэрэгжих боломжтой загварыг дэлхий нийтэд санал болгож байна. Энэ бол газрын тогтвортой менежментийн чиглэлээр дэлхий нийтийн ахиц дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах, бодит мэдлэг дээр үндэслэсэн Монголын загвар юм.

Collage featuring a desert landscape, solar panels, and a team in traditional clothing.