Өнөөдрийн өгөгдлөөр маргаашийг хамгаалъя: Монгол Улсын уур амьсгалын мэдээлэл, шинжилгээний чадавхыг бэхжүүлж байна.

March 22, 2026

Өнөөдрийн өгөгдлөөр маргаашийг хамгаалъя

Монгол Улсын уур амьсгалын мэдээлэл, шинжилгээний чадавхыг бэхжүүлж байна.

Дэлхийн цаг уурын өдрөөр уур амьсгалын эрсдэлийг урьдчилан тооцоолох, хүний аюулгүй байдал, амьжиргааг хамгаалах, эрсдэлд тэсвэртэй ирээдүйг төлөвлөхөд чиглэсэн шинжлэх ухаан, мэдээллийн технологид дэлхий нийтээр анхаарал хандуулдаг. Энэ жил НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Монгол Улсын хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа нь үндэсний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны хүчин чармайлт, түүний үр дүнг илэрхийлж байна. Энэхүү түншлэлийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-тай бүрдүүлсэн хамтын ажиллагаа нь Монгол Улсын цаг уур, орчны хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 

Монгол Улсын өргөн уудам газар нутаг, эрс тэс уур амьсгалын нөхцөл нь цаг уур, орчны мэдээллийг үндэсний хөгжлийн салшгүй хэсэг болгодог. Ган, зуд, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нь иргэдийн амьжиргаа, экосистем, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. НҮБХХ Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш цаг уур, орчны хяналт-шинжилгээний чадавхыг хөгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Black-and-white collage of people at early computer workstations with CRT monitors.
NAMEM

Хамтын ажиллагааны эхэн үед ЦУОШГ-тай хамтран мэдээлэл, тооцооллын төвийг байгуулж, өгөгдлийн төвлөрсөн боловсруулалт, уур амьсгалын урт хугацааны мэдээллийн сан бүрдүүлэх, орчны системчилсэн шинжилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Энэ нь цаг агаарын урьдчилсан мэдээний нарийвчлал, найдвартай байдлыг орон даяар сайжруулж байв. 

Монгол Улсын хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж, уур амьсгалын өөрчлөлт гүнзгийрч, эрсдэл нэмэгдэхийн хэрээр үндэсний бодлого, төлөвлөлтөд чанартай, үнэн зөв мэдээлэл улам чухал болсоор байна. Үүнтэй уялдан НҮБХХ-ийн дэмжлэг нь чадавх бэхжүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх, уур амьсгалын мэдээллийг бодлого, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шийдвэр гаргалтад ашиглахад чиглэн өргөжсөн.

Photo of a caravan of pack animals and riders crossing a snow-covered mountain pass.
UNDP

Энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны сүүлийн үеийн чухал ахиц дэвшлийн нэг нь Монгол Улсад уур амьсгал, орчны загварчлал хийхэд зориулсан өндөр хүчин чадалтай тооцооллын системийг нэвтрүүлсэн явдал юм. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй, МУ-ын засгийн газар, НҮБХХ хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд ЦУОШГ-д хүлээлгэн өгсөн өндөр хүчин чадал бүхий тооцооллын систем нь уур амьсгалын нарийн төвөгтэй өгөгдлийг боловсруулах чадавхыг эрс нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Энэ нь илүү нарийвчлалтай урьдчилсан мэдээ гаргах, эрсдэлийн дүн шинжилгээг сайжруулах, нөлөөлөлд суурилсан таамаглал, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг хөдөө орон нутгийн иргэдэд чухал ач холбогдолтой юм.

The Prime Minister of Mongolia viewing the newly installed supercomputer.

NAMEM

Энэ нь зөвхөн технологийн шинэчлэл бус, харин эрсдэлийг урьдчилан тооцоолж, гамшиг нүүрлэхээс өмнө шинжлэх ухаан, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах боломж юм. ЦУОШГ-ын дарга Э.Баттулга хэлэхдээ: “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагаа нь Монгол Улсын цаг уур, орчны хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Энэ нь тодорхойгүй байдлыг бууруулж, цаг агаарын урьдчилсан мэдээний нарийвчлалыг сайжруулан, уур амьсгалын ирээдүйн чиг хандлагыг илүү бодитой загварчлах боломжийг бүрдүүлснээр хөдөө аж ахуй, дэд бүтэц, гамшгийн бэлэн байдал зэрэг салбарт илүү оновчтой төлөвлөлт, эрсдэлийн удирдлагыг дэмжиж байна” хэмээн онцоллоо.

UNDP

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэхдээ: “Тогтвортой хөгжлийн үндэс нь чадавхтай байгууллагууд байдаг бөгөөд тэдгээр нь урт хугацааны түншлэлээр төлөвшдөг. 50 жилийн хамтын ажиллагаанд тулгуурлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр цаашид ч нотолгоонд суурилсан, уур амьсгалд тэсвэртэй, ирээдүйд чиглэсэн хөгжлийг дэмжихэд хамтран ажилласаар байх болно” гэв. 

НҮБXX Монгол Улстай хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед ЦУОШГ-тай хэрэгжүүлж буй энэхүү түншлэл нь үндэсний чадавхыг урт хугацаанд бэхжүүлэх нь хэрхэн тогтвортой, бодит үр дүнд хүргэдгийг харуулсан тод жишээ болж байна. Дэлхийн цаг уурын энэ өдөр бидэнд нэгэн чухал зүйлийг сануулж байна: Урьдчилсан мэдээ бүрийн цаана мэдлэг, институци, итгэлцэлд суурилсан олон жилийн хөрөнгө оруулалт оршиж байдаг бөгөөд эрсдэлд тэсвэртэй байдлыг бий болгох нь тасралтгүй, бат бэх хамтын ажиллагаа юм.