Иргэдийн оролцоогоор oрон нутгийн засаглалыг бэхжүүлэх нь

Увс аймгийн туршлага

January 30, 2026
Photograph: four students sit around a white table in a bright classroom with notebooks.

Иргэдийн оролцоогоор Орон нутгийн засаглалыг бэхжүүлэх нь

Увс аймгийн туршлага

Аймгийнхаа ойн бэлтгэлийг хангах давчуу цаг үед “Тэтгэлэгт төсөл бичнэ” гэж Увс аймгийн Засаг дарга 2 ажилтандаа үүрэг өгсөн нь тус аймгийн нэгэн өөрчлөлтийн эхлэл болжээ. 

Ажил ихтэй хоёр төрийн албан хаагчид анхандаа ажил дээр ажил нэмсэн даалгавар мэт санагдаж байсан ч удалгүй иргэдийнхээ дуу хоолойг сонсож, шийдвэр гаргалтад тусгах шинэлэг арга замыг эрэлхийлсэн аймгийн хагас жилийн шинэ аяллын эхлэл болж хувирсан байна. 

Иргэний оролцооны орон зайг тэлж, олон нийтийн санал санаачилгыг бодлого, шийдвэрт тусгах зорилгоор Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С. Оюунбилэг, Бизнес инкубатор төвийн менежер П. Энхмаа нар НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй иргэдийн оролцоог өргөжүүлэх, шинэ арга туршлага нэвтрүүлэх зорилго бүхий “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг дэмжих нь – Оролцоо 3P4D” бүсийн төсөлд тэтгэлэгт төслийн санал боловсруулж илгээжээ.

Дэмжигдсэн тэтгэлэгт төслүүдийн нэг нь тэдний боловсруулсан Увс аймгийн “Санаачилгаас шийдвэрт” тэтгэлэгт төсөл байв. Тус төсөл иргэдийн үгийг сонсох, бодит хэрэгцээг тодорхойлох, орон нутгийн хамт олонтой хамтран шийдэл боловсруулах гэсэн тун энгийн зорилготой юм.

Group of people seated around a table with papers and markers in a bright classroom.
НҮБХХ

Иргэдээ сонсож, хамтдаа шийдэл бүтээсэн нь 

Увс аймгийн ЗДТГ-ын боловсруулсан төслийн санал тэтгэлэгт төсөлд шалгарч, төслийн баг эхлээд аймгийнхаа хоёр иргэний нийгмийн байгууллагатай хамтран иргэдийнхээ дунд төрийн үйчилгээний сэтгэл ханамжийн судалгааг хийжээ. “Та бүхэнд баярлалаа, биднийг сонсож байгаа нь сайхан байна” гэх зэрэг сэтгэгдлийг судалгаанд бичиж үлдээсэн нь иргэдийн талархал төдийгүй илүү утга учиртай оролцох хүсэл эрмэлзэл ямар байгааг нь илтгэж байв. Ийнхүү энэ судалгаагаар аймгийн иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, тэдний санаа бодлыг шууд сонссоноор иргэдийн хүлээлт, хэрэгцээг тэтгэлэгт төслийн баг илүү тодорхой ойлгох боломжтой болсон юм.

Үүний дараа асуудлын шийдлийг олох IDEATHON аргачлалыг тэтгэлэгт төслийн хүрээнд туршиж, төрийн албан хаагчид, ИНБ, иргэд санаачилгаа хамтран хөгжүүлэх нээлттэй шалгаруулалтад найман санаачилга оролцож, үүнээс гурван санаачилга нь дэмжигдэн хэрэгжжээ. Үүнд:

  • Төрийн үйлчилгээний иргэдийн сэтгэл ханамжийг бодит цагт хэмжих систем хоёр дахь хувилбартаа хүрч боловсронгуй болсон.
  • Аймгийн Улсын бүртгэлийн газар “Смарт Увс” платформ иргэдийг нэг дороос мэдээлэл авах боломжоор хангах нэгдсэн чатботын санаачилга гаргаж, 28 байгууллагын лавлагаа, зааврыг нэг цонхоор хүргэх боломжийг бүрдүүлж чаджээ.
  • Байгаль орчны газрын боловсруулж хэрэгжүүлсэн “Хог биш мод - Ногоон сэлгээ” загвар нь айл өрх, ИНБ, хувийн хэвшлийг холбож, хэрэглэдэггүй эд зүйл, хуванцар тагийг солилцон борлуулж олсон орлогоо “Тэрбум мод” санаачилгад хуримтлуулах тойрог эдийн засгийг эхлүүлсэн байна. 

Эдгээр санаачилгуудыг тэтгэлэгт төслөөр хэрэгжүүлснээр орон нутгийн засаг захиргааны өмнө тулгардаг асуудлууд болох иргэдийн дуу хоолойг сонсдог байх арга замыг сайжруулах, олон нийтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой, идэвхтэй иргэн, орон нутгийн хамтын оролцоог дэмжих зэрэг асуудалд шийдэл олж чаджээ. “Аливаа арга хэмжээнд иргэд ирдэггүй, оролцдоггүй гээд яриад суух биш иргэдээ яаж оролцуулах ёстой вэ гэдгийг энэ төсөл харуулсан. Энэ төслөөр төрийн албан хаагчид бид өөрсдөө маш их чадавхжсан” гэж аймгийн Байгаль орчны газрын аюултай хог хаягдлын мэргэжилтэн Ч.Чойжилдулам хэлэв.

НҮБХХ

НҮБХХ-ийн “Оролцоо” төсөл тэтгэлэгт төслийн мэдээлэл түгээх, төслийн санал бичих, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх уулзалтуудыг 2025 оны 5 дугаар сард зохион байгуулах үеэр иргэний орон зайг тэлж, төр–иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа яагаад чухал болохыг бид гүн гүнзгий ойлгож, урам зориг авч, төслөө бичиж, эрч хүчтэй дүүрэн хэрэгжүүлж эхлүүлсэн. Гэвч энэ бүхнийг манлайлж ажиллаж байсан аймгийн Засаг дарга маань таалал төгссөн нь хүнд сорилт байлаа гэж төслийн багийнхан ярив. 

“Төрийн ажлын залгамж чанарыг эрхэмлэн, бид төслийн хэрэгжилтийг тасралтгүй урагшлуулсаар зорьсон үр дүндээ хүрээд зогсохгүй, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж чадлаа. Мөн энэ үйл явцад төрийн мэргэжилтнүүд өөрсдөө асар их мэдлэг, туршлага, ур чадвар хуримтлуулсан нь том ололт боллоо. Манай төсөл төрд, иргэний нийгэмд, төрд итгэх иргэдэд гээд олон талд гэрэл асаасан гэж бодож байна” хэмээн П. Энхмаа хэлэв.

Presenter leads a workshop in a yellow room with whiteboards and sticky notes.
НҮБХХ

Туршилтаас тогтвортой хөгжилд 

“Санаачилгаас шийдвэр” төслийг хэрэгжүүлэх явцад Увс аймгийн төр, иргэний нийгмийн байгууллагын итгэлцэл ойлголцол хамтын ажиллагаа бэхжин улмаар Увс аймгийн ИНБ-тай хамтран ажиллах хөтөлбөрийг баталж 2026 оны аймгийн төсөвт тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв суулган баталсан бол ИДЕАТОН шинэ санааны уралдаант шалгаруулалтыг аймаг жил бүр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусган аймгийн төсөвт санхүүжилтийг нь ч баталж, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа сар бүр уулздаг болж, уулзалтаа “Нээлттэй яриа хэлэлцээ” гэж нэрлэжээ.

“Төр бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ яаж иргэдтэйгээ ойр, шинэлэг, инновацлаг арга барилаар ажиллах вэ гэдэг дээр бид мөнхийн л эрэл хайгуул тавьдаг. Утга учиртай зохион байгуулалттай оролцоо нь олон жил шийдэлгүй байсан асуудлыг шийдэж болдгийг харуулсан төсөл байлаа. Энэ төсөл их төсөвтэй биш ч зөв зохион байгуулалт, утга учиртай оролцоо, хамтын хүчин чармайлт л бодит үр дүн авчирдгийг бид харлаа. Тийм ч учраас төслийн үр дүнг цаашид нутагшуулж, тогтвортой үргэлжлүүлэх чадамж бүрдсэн гэж Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Оюунбилэг онцолсон бол “Төр зөвхөн тухайн асуудлыг шийдээд орхилгүй системд бэхжүүлж бодлогод тусгасан байгаа нь надад хамгийн их таалагдсан” гэж аймгийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга Г. Сувдаа хэлж байв.

Speaker on stage presenting to a seated audience; screen, balloons, and greenery decorate room.
НҮБХХ

Орон нутгийнхаа иргэдийн оролцооны орон зай, өөрсдийн тэргүүлэх зорилтыг тодорхойлж орон нутгийн засаглалыг бэхжүүлэх бодит шийдлүүдийн төлөө нэгдэн хамтран ажиллаж чаддагийг Увс аймаг харууллаа.

Тэтгэлэгт  төслийн үр дүн  аймгийн бодлого, өдөр тутмын үйл ажиллагаанд аль хэдийн нутагшиж, ёс зүйтэй, хариуцлагатай, иргэн төвтэй засаглалын бодит жишээ болж байна. 

НҮБХХ-ийн Санхүүжилтийн Цонх хөтөлбөрийн хүрээнд Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газруудын дэмжлэгтэй хэрэгжиж буй Оролцоо 3P4D төсөл нь орон нутгийн загвар туршлагыг иргэдийн тогтвортой оролцооны тогтолцоонд бүрэн шингээх чиглэлээр тууштай ажиллах болно.