Итгэлийг оролцоогоор сэргээх нь

December 17, 2025
Diverse group of people seated in rows, clapping during a presentation.

Итгэлийг оролцоогоор сэргээх нь: Зөвлөлдөх санал асуулгаас олон нийтийн сонсгол хүртэл

Зөвлөлдөх үйл явц нь иргэдийн оролцоог өргөжүүлж, засаглалыг илүү үр нөлөөтэй болгох замыг нээж байна.

Шинэлэг оролцооны арга замууд нь иргэдэд шийдвэр гаргах үйл явцад бодитойгоор оролцож, дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож байна. Төрийн санхүүжилтийн зарцуулалтыг ил тод болгох цахим арга хэрэгслээс  эхлээд уул уурхайн бүс  нутгийн иргэдийн зөвлөлдөх уулзалт хүртэлх эдгээр арга замууд нь оролцоог өргөжүүлж, засаглалыг бэхжүүлж байна. 

Эдгээр санаачилгууд нь “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах нь  (3P4D) хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд Кени, Монгол, Сомали, Шри Ланка, Сенегал улсад иргэдийн эрх чөлөөг хамгаалах, оролцооны орон зайг тэлэх, бэхжүүлэх, нийгмийн амьдралд утга учиртай оролцох нөхцлийг бүрдүүлэх шинэчлэлийг дэмжин хэрэгжиж байна. 

Монголд Улсад “Оролцоо 3P4D” төслийн хүрээнд иргэний нийгмийн болон бусад олон талт оролцогчдын санаачилсан 15 санаачилгыг туршиж байгаа бөгөөд энэ нь Монгол улс ил тод байдал, оролцоог дэмжихэд хүчин чармайлт гаргаж байгааг илтгэн харуулж, Нээлттэй Засаглалын  Түншлэлийн Ази тивээс анх нэгдсэн сорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Р.Арсланбаатар, Түмэнцогт сумын иргэн

НҮБХХ

Иргэний түүх – Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум 

Түмэнцогт сум  Зөвлөлдөх санал асуулгыг анх удаа  орон нутагт туршиж, сум орон нутгийнхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж, шийдвэр гаргахад оролцох боломжийг иргэддээ олголоо. Нутагтаа насаараа амьдарсан Р.Арсланбаатар өөрт нь гараар бичсэн урилга ирсэний дараа л орхигдсон мэт мэдрэмж нь алга болсон тухай бидэнд хүүрнэж байв. 

Тэрээр санал асуулгын уулзалтын үеэр  хэлэхдээ: “Иргэдийн дуу хоолойг үнэхээр сонсдог уулзалтад би өмнө нь хэзээ ч ингэж оролцож байгаагүй. Энэ өдөр итгэл эргэн ирж эхэлж байгааг мэдэрсэн” гэлээ. 

Иргэд уулзалтын үеэр удаан хугацааны турш хуримтлагдсан асуудлуудыг хэлэлцэж, чиглүүлэгч нар  бүх санал санааг  тэмдэглэн авч байв. 3P4D төслийн хүрээнд хэрэгжсэн энэхүү санаачилгыг сумын Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч  залуу эмэгтэй Шүрэнцэцэг манлайлан ажиллаж, Зөвлөлдөх санал асуулгыг нутагтаа анх удаа хэрэгжүүлж , нээлттэй орон зайг бүрдүүлсэн. Энэ туршилтын үр дүнд Түмэнцогт сум цаашид энэ аргыг ашиглахаа илэрхийлж, өөр бусад сумдад ч  туршлагаа түгээхээр болоод байна.

A woman speaker gestures to a seated audience in a conference room.

Нийтийн сонсгол, Булган аймаг

НҮБХХ

Булган аймгийн анхны Олон нийтийн сонсгол 

Булган аймаг анх удаа аюултай хог хаягдлын асуудлаар Олон нийтийн сонсгол зохион байгуулж, олон жилийн туршид хуримтлагдсан мал эмнэлгийн аюултай хог хаягдлын бохирдол, түүний  эрсдэл болон боломжит шийдлүүдийн талаар иргэдээ оролцуулан хэлэлцлээ. 

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран 3P4D төслийн дэмжлэгээр энэхүү олон нийтийн сонсголыг зохион байгуулан,  иргэдэд мэдээлэл түгээж, албан тушаалтнууд болон мэргэжилтнүүдээс асуулт асуух боломжийг олгов. Энэ нь аймаг, орон нутгийн түвшинд анх удаа аюултай химийн хог хаягдал зэрэг маш нарийн техникийн асуудлаар олон нийтийн сонсгол зохион байгуулсан тохиолдол боллоо. 

Сонсгол нь асуулт тавих, буруу ойлголтыг залруулах, санаа зовинож байгаа асуудлаа илэрхийлэх орон зайг бүрдүүлэн талууд харилцан мэдээлэл солилцох нь итгэлийг бий болгож, ойлголтыг сайжруулж, иргэд болон орон нутгийн албан тушаалтнуудын хооронд илүү ойр хамтын ажиллагааны үндсийг тавьж өгсөн юм. Орон нутгийн удирдлагууд мэдээллийг олон нийтэд тогтмол түгээх, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд иргэний нийгмийг бодитоор оролцуулах талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийллээ.

Classroom with students seated at group tables, a presenter beside a wall-mounted screen, bookshelves lining the wall.

Асран хамгаалагчдын сургалт, Багануур дүүрэг

НҮБХХ

Асран хамгаалагчид Багануур дүүрэгт манлайлагч боллоо

Монгол Улсад асран хамгаалах ажлыг албан ёсоор хөдөлмөрт тооцдоггүй. Багануур дүүргийн 421 хөгжлийн бэрхшээлтэй иргэний ард бодитоор 421 асран хамгаалагч байдаг ч тэдний хөдөлмөр үнэлэгддэггүй, бодлого боловсруулахад тусгадаггүй байж. 

3P4D төслийн хүрээнд Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо анх удаа тус дүүргийн таван хороонд өрхийн түвшинд асран хамгаалагчдын тооллого хийж, 260 хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулсан юм.Мөн  оролцоонд суурилсан сургалт нь асран хамгаалагчдыг нэгтгэж, эрх болон үйлчилгээний дутагдлын талаар хэлэлцэх боломжийг бүрдүүллээ. 

“Би хүүхдээ 20 жил асарч байна. Гэхдээ хэн ч үүнийг ‘ажил’ гэж ойлгож хүлээж авдаггүй байсан.  “Одоо миний дуу хоолой бодлогын түвшинд хүрч чадна гэдэгт итгэж байна.” гэж нэгэн асран хамгаалагч ярьж байв. 

Асран хамгаалах ажлын талаар анхны найдвартай өгөгдөл мэдээллийг ийнхүү бий болгон асран хамгаалагчдын дуу хоолойг бодлогын түвшинд хүргэснээр Багануур дүүрэг одоо шинэ, хүртээмжтэй асрамжийн эдийн засгийн загварыг нарийвчлан боловсруулж байна. Энэ загвар нь үндэсний хэмжээнд хэрэгжих боломжтой бөгөөд  Монгол улсын мянга мянган асран хамгаалагчидын бодит байдлыг харуулж хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлээ.

Эдгээр түүхүүд  иргэний оролцоо нь мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлж, итгэлийг сэргээж, бодлогыг тодорхойлоход хэрхэн нөлөөлж байгааг харуулж байгаагийн зэрэгцээ арга замууд өргөжихийн хэрээр илүү олон хүн өөрийн амьдралд нөлөөлөх шийдвэрт оролцох боломжтой болох юм. 

Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газруудын дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн Санхүүжилтийн Цонх механизмын санхүүжүүлж буй  3P4D санаачилга нь орон нутгийн туршлагыг тогтвортой иргэний оролцооны тогтолцоонд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно.