М. Жанлавцогзол: “Сайн бүтээгдэхүүн гаргаж чадвал борлуулах амархан”
April 20, 2025
М. Жанлавцогзол: “Сайн бүтээгдэхүүн гаргаж чадвал борлуулах амархан”
“Түүхий эд хангалттай байвал үйлдвэрээ бүтэн жилийн турш тогтвортой ажиллуулж, иргэдээ эрүүл, чанартай сүүн бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Энэ зорилгын төлөө тууштай ажиллаж байна” гэж Жанлавцогзол итгэл дүүрэн ярьж байна.
Тэрээр Завхан аймгийн Их-Уул сумандаа “Их-Уулсын Сарлаг” нэртэй нутгийн цорын ганц сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрийг үүсгэн байгуулжээ. Цаг үеэ олсон, орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан хөрөнгө оруулалтын дэмжлэгээр байгуулагдсан тус үйлдвэр Монгол орны алслагдсан бүс нутгийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн тогтвортой орлогыг бий болгон амьжиргааг дэмжин улмаар малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж эхэллээ.
Их-Уул сум нь монгол орны өндөрлөг уулын бүс нутгийн нэг бөгөөд сарлагийн тоо толгой ихтэй сумдын нэг. Өндөрлөг уулсын бүсэд идээшин нутагладаг сарлагийн сүүний эрдэс бодисын агууламж дахь уураг, тослог, лактоз, илчлэг чанар нь бусад малын сүүтэй харьцуулахад илүү өндөр байдаг учраас тус үйлдвэрийн бүтээгдэхүүний онцлог үүнд оршдог аж.
М. Жанлавцогзолын санаачилга, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэлд нутаг орныхоо хөгжлийн алсын хараа руу чиглүүлсэн орон нутгийн бодлого, оновчтой дэмжлэг, хамтын ажиллагаа ихээхэн дэмжлэг үзүүлжээ.
Завхан аймгийн Их-Уул сум бол Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар НҮБХХ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот 13 сумын нэг юм. Төсөл орон нутгийн засаг захиргаатай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг даван туулах, дасан зохицоход чиглэсэн нутгийн хөгжлийн бодлогыг дэмжсэн олон санаачилга хэрэгжүүлж байгаагийн нэг нь сүү боловсруулах үйлдвэрт үзүүлсэн дэмжлэг юм.
СУМАНД МЭНДЭЛСЭН ҮНДЭСНИЙ БРЭНД
Сүү үйлдвэрлэлийн оргил цаг буюу зуны улиралд “Их -Уулсын сарлаг” үйлдвэр хамгийн багадаа 6 тонн сарлагийн сүү боловсруулж, сумандаа дөрвөн ажлын байр шинээр бий болгосноор малчдыг тогтвортой орлоготой мөн иргэдийг ажлын байраар ханган хөдөөгийн иргэд нутаг орондоо амьдрах итгэл найдварыг ч бэхжүүлж байна.
Орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, газрын асуудлыг шийдвэрлэн, үйлдвэрийн байр барьж өгсөн нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодит жишиг, загвар болж чадсан байна.
“Төслийн санхүүжилтээр сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, сүү цуглуулах, хадгалах хадгалах нарны эрчим хүчээр ажилладаг бага оврын хөргүүр зэрэг тоног төхөөрөмжийн дэмжлэг авсны зэрэгцээ үйлдвэрлэлийн технологийн ур чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, маркетинг гээд бизнесийн арга ухааны сургалтууд нь маш дэмтэй байсан” хэмээн Жанлавцогзол ярьж байна. Бусдын жишгээр борлуулалт маркетингийн чухал платформ болох нийгмийн сүлжээ-Фэйсбүүкийн хуудас нээж хөтлөн бүтээгдэхүүнээ таниулан борлуулж, сүү нийлүүлэгч малчид болон бүтээгдэхүүн хэрэглэгчидтэйгээ энэ сувгаар мэдээлэл солилцон хамтран ажилладаг аж.
“Хүмүүс манай бүтээгдэхүүнд их дуртай. Сайн бүтээгдэхүүн гаргаж чадвал борлуулах амархан.Ер нь үйлдвэрлэлээ зөвхөн бизнес гэж харахгүйгээр илүү хариуцлагатай эрхлэхийн төлөө хичээдэг” гэж Жанлавцогзол ярьж байна. Тэрээр Хүнсний технологич мэргэжилтэй. Түүний үүсгэн байгуулсан “Их уулсын сарлаг” сүүний үйлдвэр үндэсний томоохон тоотой хэдэн үйлдвэрт л үйлдвэрлэх боломжтой онцгой бүтээгдэхүүнийг ийнхүү бий болгон үйлдвэрлэж байна.
Сүүгээ нийлүүлдэг малчдаас эхлээд сургуулийн сурагчид хүртэл сумын бүх иргэд хамтран бүтээж хөгжүүлсэн энэ үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай болжээ. Нутаг орны хөгжлийн алсын хараа, бодлогод үйл ажиллагаа, дэмжлэгээ чиглүүлж, нутгийн иргэдийнхээ оролцоог ханган хамтран ажиллаж чадвал хүнсний хангамжийн хараат байдлаа бууруулж чаддаг туршлагыг Их-Уул сумаас харж болохоор байна.
НҮДЭНД ҮЗЭГДЭЖ ГАРТ БАРИГДАХ ҮР НӨЛӨӨ

“Их-Уулсын Сарлаг” үйлдвэрийг үүсгэн байгуулагч М. Жанлавцогзол
Завхан аймгийн Их-Уул сумын сүүний энэ үйлдвэрийн жишгээр өөр гурван аймагт төслийн дэмжлэгтэйгээр сүүний үйлдвэр байгуулагдсан бөгөөд тэнд шинэ ажлын байр бий болж малчдын өрхийн орлого нэмэгдэн тогтворжиж орон нутгийн эдийн засаг солонгорон хүнсний хангамжийн найдвартай сүлжээ бий болж байна.
Өнөөдөр Монгол Улсад сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хэрэглээ хангалтгүй хэвээр байна. Зах зээлд байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний бараг тал (49 хувь) нь импортын бүтээгдэхүүн байгаагийн зэрэгцээ сүү сүүн бүтээгдэхүүнээс хоногт авах авах ёстой шим тэжээлээ ихэнх хүмүүс авч чадахгүй байна. Үүнийг өөрчлөхийн тулд Монгол Улсын Засгийн газар баталгаажсан боловсруулах үйлдвэрт түүхий сүү нийлүүлсэн тохиолдолд өвлийн улиралд литр тутамд 1,000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарган хэрэгжүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мөнхнасан “Хөдөөд эдийн засгийг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвар бий болгох чухал түлхэц бол орон нутгийн өөрийн санаачилга бүхий бизнес юм. Бид иргэдээ чадавхжуулж, орлогын эх үүсвэрийг солонгоруулж, тогтвортой хөгжлийг хангах санал санаачилгыг дэмжихийн төлөө тууштай ажиллаж байна” гэв.
Орон нутгийн хөгжлийн энэ алсын хараатай уялдуулан Жанлавцогзол ч үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр шамдаж байна. Тэрээр 40 тн багтаамж бүхий хөргүүртэй агуулах зээлээр авч, 5 сарын турш өдөрт 150 литр буюу сард 4,5 тн сүү нийтлүүлэх гэрээг 100 сарлагтай 30 малчин өрхтэй байгуулах гэж байна. Ингэснээр малчдын орлого нэмэгдэх тогтвортой, найдвартай эх үүсвэрийн үндэс суурийг тус үйлдвэр бий болгох юм.
Энэ талаар Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэ сүүний үйлдвэр шиг орон нутгийн жижиг үйлдвэрлэлийг дэмжсэнээр орон нутагт нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүнсний хангамжийг найдвартай сүлжээг бий болгон, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжиж улмаар эрс тэс уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх сайн жишиг болж байна. Үндэсний хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг алслагдсан, цаг уурын эрс тэс бүс нутагт бодит болгоход энэ төрлийн хөрөнгө оруулалт нэн чухал юм. Энэ сайн жишгийг цаашид тогтвортой хадгалах, өргөжүүлэн тэлэх нь орон нутгийн засаг захиргааны тэргүүлэх бодлого байгаасай гэж хүсэж байна” хэмээв.
Ийнхүү нэг суманд нэг удаа оруулсан багахан хөрөнгө оруулалт хэрхэн хөдөөгийн хөгжлийг дэмжиж, малчдын чадавхыг бэхжүүлж, эрсдэлийг даван туулах өндөр чадавх бүхий ирээдүйг бүтээх боломжийг бий болгож буйг энэ загвар харуулж байна.
