Two individuals in winter clothing stand on a snowy surface near a structure under a clear blue sky.

Суурь түншүүд

Дэлхий дахинд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь улс орнуудад ядуурал, гамшиг зэрэг хөгжлийн хүндхэн сорилтуудыг даван туулж, илүү сайхан ирээдүйг цогцлооход дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэхүү ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд найдвартай санхүүжилт шаардагддаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хамгийн чухал санхүүжилт нь НҮБ-ын гишүүн орнуудын дэмжлэгээс бүрддэг “суурь” нөөц юм.

“CORE” САНХҮҮЖИЛТ

“Core” буюу суурь санхүүжилт нь тодорхой төсөл, хөтөлбөрт зориулагддаг бусад санхүүжилттэй харьцуулахад илүү уян хатан, ерөнхий зориулалттай нөөц юм. Энэ нь НҮБХХ-т байгалийн гамшигт яаралтай хариу арга хэмжээ авах, урьдчилан тооцоолоогүй сорилтуудыг даван туулах, мөн урт хугацааны хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх зэрэг хамгийн шаардлагатай чиглэлүүдэд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлдэг.

Уян хатан санхүүжилт яагаад чухал вэ?

  • Нийгмийн хамгийн эмзэг бүлгүүдэд туслахад: Суурь санхүүжилтийн ихэнх хэсэг нь хөгжиж буй орнуудад чиглэж, тусламж хүргэхэд хамгийн хүндрэлтэй, хамгийн их хэрэгцээтэй бүсүүдэд зориулагддаг.
  • Хямралд түргэн шуурхай хариу авахад: Байгалийн гамшигт үзэгдэл, сөргөлдөөн үүсэх үед суурь санхүүжилт нь НҮБХХ-т нэн шаардлагатай тусламжийг хэрэгцээт газар нь цаг алдалгүй хүргэх боломжийг бүрдүүлдэг.
  • Нэмэлт нөөц, бололцоог татахад: Суурь санхүүжилт нь ухаалаг хөрөнгө оруулалттай адилхан. НҮБХХ нь суурь санхүүжилттэй, үндэс суурьтай үйл ажиллагаа явуулснаар бусад байгууллагууд, хандивлагчид, бизнес эрхлэгчдэд бидний үйл ажиллагааг дэмжих, илүү өргөн хүрээнд, тодорхой чиглэлд хамтран ажиллах сэдлийг төрүүлдэг.
  • Шинэлэг санааг туршихад: Суурь санхүүжилт нь НҮБХХ-т хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг туршиж үзэх боломжийг олгодог. Тухайлбал, НҮБХХ-ийн Хурдасгуур төв нь шинэлэг арга барил, шийдлүүдийг эрэлхийлэхийн зэрэгцээ дэлхий дахинд хөгжлийн асуудлаарх судалгаа, тайланг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилладаг.
  • Хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд: Энэхүү уян хатан санхүүжилт нь дэлхий даяар НҮБХХ-ийн үйл ажиллагаа болон ажилтнуудын тогтвортой байдлыг дэмждэг. Үүний ачаар бид улс орнуудад болон төр засагт газар дээр нь дэмжлэг үзүүлж, НҮБ-ын тогтолцоонд үр дүнтэй хамтран ажиллах боломжтой болдог. Мөн, энэ нь биднийг ажлаа мэргэжлийн, өндөр түвшинд, ил тод, хариуцлагатай, тогтвортой, үр дүнд суурилсан байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг болдог. 

НҮБХХ-ийн суурь нөөц нь Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхий дахины хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулдаг. 

Манай суурь санхүүжилтийн үр нөлөөг онцолсон өгүүллэгүүдийг доорх холбоосоор орж уншина уу: 

Өгүүллэг, түүх

Суурь санхүүжилтийн хандивлагчид

Бидэнд өөрчлөгдөн хувьсаж буй хөгжлийн орон зайд дасан зохицох; зорилго, алсын хараагаа үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг олгодог хандивлагчид болон түнш байгууллагуудын хамтын ажиллагаа, уян хатан санхүүжилтэд гүн талархал илэрхийлж байна. 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.