Хүн бүрд суралцах орон зай бий болгох нь: Монгол Улсын Их Сургуульд тохируулгын зөвлөх үйлчилгээг эхлүүллээ

March 6, 2026

Хүн бүрд суралцах орон зай бий болгох нь

Монгол Улсын Их Сургуульд тохируулгын зөвлөх үйлчилгээг эхлүүллээ

Дээд боловсрол эзэмшихээр Монголд суралцагсад, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өнөөг хүртэл сургалтын үйл явцад бүрэн дүүрэн оролцоход саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нь ганцхан хувь хүний дэмжлэгээс гадна сургалтын орчныг сууриар нь хүртээмжтэй болгох институцийн бат бөх тогтолцоо чухал байна.

Ийм тогтолцооны өөрчлөлт рүү чиглэсэн алсын хараа, хандлага бол Монголын цорын ганц итгэмжлэгдсэн нөхөн сэргээлтийн зөвлөх Б. Оюунтөгсийн хувьд ажлынх нь тэргүүлэх чиглэл болсоор иржээ. Тэрээр харааны бэрхшээлтэй оюутан үедээ туулсан туршлагадаа тулгуурлан хүн бүр тэгш нөхцөлөөр боловсрол эзэмших боломжийг бий болгох их, дээд сургуулиудад хэрэгжүүлэх боломжтой, оюутанд бодит ач холбогдолтой, тогтвортой тохируулгын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.

НҮБХХ‑ийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны замыг сайжруулах - Оролцоо 3P4D” төслийн хүрээнд түүний үүсгэн байгуулсан “Гэрэлт цох байшин” ТББ Монгол Улсын Их Сургуультай (МУИС) хамтран боловсролын тохируулгын илүү системтэй загварыг туршин хэрэгжүүлж, урт хугацааны институцийн өөрчлөлтийн суурийг тавилаа. Тус санаачилга нь “Оролцоо 3P4D”  төслийн иргэний оролцооны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэмжигдсэн 19 төслийн нэг бөгөөд тэдгээрийн гурвыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн байгууллагууд хэрэгжүүлсэн юм.

Тэтгэлэгт төслийн хүрээнд “Гэрэлт цох байшин” ТББ сургуулийн дотоод тогтолцоог бэхжүүлэх зорилгоор МУИС‑тай нягт хамтран ажиллажээ. Б.Оюунтөгс сургуулийн дөрвөн бодлогын баримт бичгийг нягтлан үнэлж, хүртээмж болон тохируулгын системийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулсан байна. Мөн олон улсын сайн туршлагад нийцсэн тохируулгын мэдэгдэл, удирдамж болон дагалдах маягтуудыг ч боловсруулж бэлэн болгов. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, хичээл болон шалгалтад шаардлагатай тохируулгыг тодорхойлон, багш нарт танилцуулж, тохируулгын ажил хариуцсан ажилтнуудад дадлагажих боломж олгожээ.

МУИС‑ийн сургалтын чанар баталгаажуулалт хариуцсан албаны зүгээс энэхүү төсөл нь сургуулийн хувьд бодит үр өгөөж авчирсныг онцолж, дотоод үйл явц сайжирч, хэрэглэгдэхүүн боловсронгуй болж, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжих чадавх нэмэгдсэнийг тэмдэглэсэн байна. Мөн мэргэжлийн, нотолгоонд суурилсан зөвлөмж авах нь ихээхэн үнэ цэнтэй байсан бөгөөд цаашид зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэн ийм ахиц дэвшил гарах боломжийг НҮБХХ‑ийн төслийн дэмжлэг бүрдүүлсэн гэдгийг ч дурдаж байв.

Тэтгэлэгт төслийн үр дүн МУИС‑аар хязгаарлагдсангүй. Б.Оюунтөгсийн бэлтгэсэн оюутны тохируулгын кэйсүүдтэй танилцсан нэгэн боловсролын аудитор зөвлөх түүнд ISO 2025-тай уялдуулан тэргүүлэх зэрэглэлийн аудиторуудын сургалт хамтран зохион байгуулах санал тавьсан нь энэ салбарт хүртээмжийн стандартыг үнэлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж буйг харуулж байна. 

Б.Оюунтөгсийн хэлснээр хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан тохируулгын үйлчилгээг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд тусгайлсан хүний нөөц, тогтвортой санхүүжилт, бодлогын дэмжлэг шаардлагатай хэвээр байна. Ямартаа ч хийсэн алхам бүр Монголын бүх суралцагч амжилтад хүрэх тэгш боломжтой дээд боловсролын тогтолцоог цогцлоон хөгжүүлэх үйл явцыг бэхжүүлсээр байна.