Монгол Улсын Их Хурлын дарга, С.Бямбацогт болон НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Матилда Димовскагийн хамтарсан нийтлэл
Монгол Улс ба НҮБХХ: Ирэх 50 жилийн түншлэл
June 30, 2026
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын бүрэн эрхт гишүүн болж тусгаар тогтнолоо дэлхийн тавцанд баталгаажуулснаас хойш Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж, хүн төрөлхтний олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсон юм.
НҮБ хэмээх системийн үе салаа бүхнээр хамтын ажиллагаагаа зузаатгаж, хөгжил дэвшлийн замаар эргэлтгүй замнасны нэгэн чухал түнш бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ). Энэ чухал түнштэйгээ эвийн гараа атгалцаж, ирээдүйгээ цогцлоон бүтээх андын андгай өргөснөөс хойш хагас зууныг өртөөлжээ.
Монгол Улс НҮБХХ-тэй 1976 оноос хамтарч, нүүдлийн аж ахуй, байгаль орчныг хамгаалах, төрийн байгууллагын чадавхыг сайжруулах, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, дижитал шилжилтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
Хагас зуун гэдэг харилцан итгэлцэж, хатуу бэрх сорилт шалгарлыг туулан хамтын зорилгоо бодитойгоор болгоход хүрэлцэхүйц хангалттай хугацаа. Энэ хугацаанд бидний бүтээсэн, бүрэлдүүлэн тогтоосон түншлэлийн цамхаг бат бөх суурин дээрээ нэгэнт сүндэрлэжээ. Хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг мөч бол өнгөрсөн түүхийг эргэн дурсах төдий бус, ирээдүйн хөгжлийн чиг баримжааг тодорхойлон тогтоох эргэлтийн цэг болж байна.
Дэлхий дахины олон талт хамтын ажиллагаанд геополитикийн сөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн тэгш бус болон эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг хүндхэн сорилтууд тулгарч буй энэ цаг үед Монгол Улс, НҮБХХ-ийн түншлэлийн туршлага чухал жишиг болж байна. Олон улсын хамтын ажиллагааны эрэлт хэрэгцээ их байгаа ч тулгамдсан асуудлууд хүндрэх тусам улс орнуудын хүчин чармайлт талаар болж буй өнөө үед Монгол Улс олон талт хамтын ажиллагаа хэрхэн үр дүнтэй хэрэгжиж болохыг тод харуулж байна.
Тавин жилийн түншлэл: Хөгжлийн суурийг бэхжүүлсэн нь
Монгол Улсын хөгжил дэвшил ард түмний зүтгэл, тэмүүлэл, үнэт зүйлс, төр-иргэдийн хамтын ажиллагааны зэрэгцээ олон улсын түншлэл, харилцан итгэлцэлд суурилж ирснийг онцлох учиртай. Тэр дундаа Монгол Улсын хөгжлийн замналын хамгийн тодорхойлогч үе шатуудад НҮБХХ хамт байсанд талархаж байна. Зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг дэмжиж, орчин үеийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх, урт хугацааны хөгжлийн суурь болсон институцуудыг бэхжүүлэхэд бид хамтран ажилласан.
Парламентын тогтолцоог бэхжүүлэх, онцлох хууль тогтоомжийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэхээс эхлээд гамшгийн эрсдэлийн удирдлага, авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах гол байгууллагуудыг үүсгэн байгуулахад НҮБХХ дэмжлэг үзүүлсэн нь Монгол Улсын ахиц дэвшлийн тулгуур болсон юм. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах бодлогын тогтолцоог төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.
Хэрэв хөгжил дэвшлийг байшин барихтай зүйрлэвэл НҮБХХ-ийн оролцоо нь өнгө үзэмжтэй фасад, загвар дизайн бус, харин газрын гүнд харагдахгүй орших бат бөх суурьтай адил юм. Үүнтэй адил хөгжлийн хамгийн үнэ цэнтэй үр дүн нь ихэвчлэн нүдэнд үл үзэгдэх институцийн чадавх, бодлогын тогтвортой байдал, засаглалын чанарт оршдог. Монгол Улс болон НҮБХХ-ийн түншлэл энэ үр дүнгийн төлөөх гар, сэтгэл нийлсэн ажиллагааны тод жишээ болж, хөгжлийн түншлэл гэдэг гүн бат итгэлцэл, мэдлэг, үнэт зүйлс дээр тогтдог урт хугацааны андлал болохыг харуулсаар байна.
Ахиц дэвшлээс манлайлал руу: Монгол Улс дэлхийн индэрт
Монгол Улс өнөөдөр дунджаас дээш орлоготой орны ангилалд багтаж, хөгжлийн шинэ чухал үе шатанд гарч ирлээ. Энэ бол тоон үзүүлэлтээр хэмжигдэх эдийн засгийн ахиц төдийгүй, олон арван жилийн турш үргэлжилсэн шинэчлэл, тууштай бодлого, үндэсний хүчин чармайлт, олон улсын хамтын ажиллагааны үр дүн юм.
Эдүгээ Монгол Улс олон талт хамтын ажиллагааны идэвхтэй оролцогч, мэдлэг туршлага хуваалцагч, бодлогын түнш, шийдэл санаачлагчийн байр сууринд нэгэт хүрчээ. Жендэрийн тэгш байдлыг ахиулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тэргүүлэх асуудлыг олон улсын түвшинд гаргах зэргээр Монгол Улс дэлхийн индэр дээр тууштай зогсож байна. Парламентын ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх замаар ардчилсан засаглалын туршлагаа олон улсад хуваалцахуйц түвшинд хүрчээ. Ардчилал бол зөвхөн улс төрийн тогтолцоо бус, харин иргэн бүрийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах хөгжлийн философи гэдгийг Монгол Улсын туршлага харуулах болжээ.
Хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн замыг эрэлхийлж буй дэлхийн олон оронд Монголын туршлага үнэ цэнтэй юм.
Зорилго тэмүүлэлтэй хамт хувьсан өөрчлөгдөж буй түншлэл
Монгол Улс урагшлан хөгжихийн хэрээр НҮБХХ-тэй түншлэл ч мөн адил шинэ шатанд гарах ёстой. Өчигдрийн хэрэгцээг хангаж байсан арга барил маргаашийн зорилгод хүрэхэд хүрэлцэхгүй болох нь бий. Өргөжин тэлж, эрчимжин тэмүүлж буй Монгол Улсын хөгжлийн зорилгыг хангахад хамтын ажиллагааны уламжлал арга хангалтгүй болж байна.
Хөгжлийн хамтын ажиллагааны гол үнэ цэнэ нь зөвхөн санхүүжилтэд бус, мэдлэг, инновац, бодлогын шинэчлэл, институцийн чадавхад улам бүр төвлөрч буй ирээдүйн чиг хандлагын дагуу Монгол Улс, НҮБХХ-ийн түншлэлд шинэ чиг хандлага бүрэлдэж байна. Энэ нь үндэсний манлайлал, стратегийн хөрөнгө оруулалт, дэлхийн мэдлэг туршлагыг нэгтгэн хөгжлийн үр дүнг хурдасгахад чиглэх юм. Мөн бодлогын шинэчлэл, институцийн чадавх, хамтын санхүүжилтийн зохицуулалтад илүүтэй анхаарч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, жендэрийн тэгш байдал зэрэг салбарт бодит үр дүн гарахуйц шийдлүүдийг эрж олоход тэмүүлэх болно. Энэ бүхэн НҮБХХ-ийн түншлэл нь хандивлагч-хүлээн авагчийн харилцаанаас урт хугацааны өөрчлөлтөд чиглэсэн стратегийн хамтын ажиллагаа болон хувьсан өөрчлөгдөж буйтай ч нийцэж буй юм.
Хамтын ажиллагааг үндэсний манлайлалд суурилна гэдэг нь Монгол Улсын байгууллагууд өөрсдөө хөрөнгө оруулж, НҮБХХ дэлхийн өнцөг булан бүрээс нэмэлт эх үүсвэр, мэдлэг туршлага, инновац татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэлбэр юм. Энэ арга хэлбэр өмнөх албан ёсны тусламжийн зарчмаас илүү тогтвортой бөгөөд үндэсний манлайллыг бэхжүүлж, шийдлүүдийг Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэх боломжийг олгоно.
Хамтдаа шинэ ирээдүйг бүтээх нь
Монгол Улс өнөөдөр хөгжлийн шинэ шатанд хүрсэн хэдий ч цаашдын сорилтууд том хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлт нь экосистем, амьжиргаанд үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүлж байна. Эдийн засгийг төрөлжүүлэх нь нэн яаралтай зорилт хэвээр байна. Өсөлтийг хүртээмжтэй байлгах, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэдэд хүртээмжтэй болгох нь зайлшгүй чухал юм.
XXI зууны хөгжлийн бодит сорилтуудын өмнө зогсож буй энэ үед улс орны ирээдүй нь эрсдэлийг хэрхэн удирдах, боломжийг хэрхэн ашиглахаас ихээхэн шалтгаална. Монгол Улсад давуу тал, боломж нөөцүүд арвин бий. Залуу, эрч хүчтэй хүн ам, бат бөх ардчилсан институцууд, өргөн уудам байгалийн нөөц, сэргээгдэх эрчим хүч болон дижитал шилжилтийн өсөн нэмэгдэж буй боломжуудыг нэрлэж болно.
Монгол Улсын хөгжлийн далайд гарч буй хөлөг онгоц гэвэл өнөөдөр хүчтэй салхи, ширүүн давлагаатай тулгарч байгаа ч шинэ боломж руу чиглэн үлээж буй салхийг мөнхүү мэдэрч байна. Боломжийн салхинаас эрч хүч авч сорилтын давлагааг туулах нь хөлөг онгоцоо хэрхэн зөв жолоодохоос шалтгаална.
Хөлөг онгоц далайд гарч байна.