Шударга ёс нээлттэй байдлаас эхэлнэ: Монголын уул уурхайн салбар дахь итгэлийг бэхжүүлэх нь

April 15, 2026
Crowd seated at an outdoor desert amphitheater watching a distant stage under cloudy skies.

Шударга ёс нээлттэй байдлаас эхэлнэ

Монголын уул уурхайн салбар дахь итгэлийг бэхжүүлэх нь

Уул уурхай нь Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур салбар  учраас тогтвортой хөгжилд оруулах бодит хувь нэмэр нь ил тод, оролцоонд суурилсан, хариуцлагатай засаглалаас шууд хамаарах юм.  Орон нутгийн иргэдийн бодит оролцоо нь байгалийн баялгийн олборлолт нийтэд хүртээмжтэй өгөөжтэй байж, байгаль орчин, нийгмийн хамгааллыг хангах үндсэн нөхцөл болно. Харин ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоо хязгаарлагдвал эрсдэл нэмэгдэж, уул уурхайн салбарт итгэх олон нийтийн итгэл алдагдаж, тэгш хүртээмжтэй хөгжлийг дэмжих чадамж суларч эхэлдэг байна. 

Дани, Люксембург, БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБХХ-ээс хэрэгжүүлж буй “Эрдэс баялгийн менежментэд шудрага байдлыг бэхжүүлэх-Интегра” төсөл нь ил тод байдлыг бэхжүүлэх, ёс зүйтэй манлайллыг дэмжих, орон нутгийн иргэд, төрийн байгууллага, уул уурхайн салбарын хоорондын хамтын ажиллагааг яриа хэлэлцээг бэхжүүлэх замаар Монгол Улсын уул уурхайн салбар дахь шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэж байна. 

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн тэтгэлэгт хөтөлбөрийн санаачилга нь орон нутагт түшиглэсэн, зорилтот үйл ажиллагаа шударга ёсыг хэрхэн бататгаж болохыг тод харуулж байна.

Иргэдийн мэдэх эрх: Уул уурхайн гэрээг олон нийтэд нээлттэй болгох нь 

Ил тод байдлыг бэхжүүлэх үр дүнтэй арга зам бол орон нутгийн иргэдийн оролцох эрх бодитоор хэрэгжихгүй байгаа шалтгааныг эхлээд ойлгож, тодорхойлохоос эхлэх учиртай. 

Тийм учраас төслийн дэмжлэгтэйгээр Авлигатай тэмцэх газар уул уурхайтай холбоотой 817 гэрээнд үнэлгээ хийсэн бөгөөд эдгээр гэрээний гэрээний 85 хувь нь олон нийтэд нээлттэй бус байгааг тогтоосон байна.

Авлигатай тэмцэх газрын комиссар Д.Дуламсүрэн “Эдгээр тоо баримтын цаана зөвхөн техникийн асуудал бус, илүү гүнзгий асуудал харагдаж байна. Иргэд мэдээлэлд нэвтрэх боломжгүй болсоноор мэдэх эрх нь хязгаарлагдаж, улмаар төрийн байгууллагад итгэх итгэл аажмаар алдагдахад хүргэдэг” хэмээн онцолсон юм. 

Анх удаагаа хийсэн тус үнэлгээ нь бодит нотолгоо болж, уул уурхайн гэрээг ил тод болгох, нийтэд нээлттэй байршуулах үндэсний хэмжээний санаачилгыг эхлүүлэхэд түлхэц болж ил тод байдал бол шударга ёсны хамгийн суурь зарчим гэдгийг дахин нотоллоо.

Photo: three women presenters in a classroom with screen and flip chart; audience in orange hats.
Ёс зүйтэй инженерүүд: Ирээдүйн боловсон хүчний шударга ёсны суурийг тавих нь 

Уул уурхайн салбар дахь шударга ёсыг бэхжүүлэх асуудал ирээдүйд энэ салбарыг тодорхойлох хүмүүсийн хандлага, үнэт зүйлээс ихээхэн хамааралтай. Ялангуяа ирээдүйн уул уурхайн инженерүүд бол салбарын хариуцлага, байгаль орчин, нийгмийн асуудалд хэрхэн хандахыг шийдвэрлэх чухал нөлөөтэй хүмүүс. 

Иймд тус төсөл нь ирээдүйн инженерүүдийн мэргэжлийн дадалд шударга ёсыг бэхжүүлэх зорилго тавьсан юм. Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хэрэгжүүлсэн “Шударга уул уурхай – Шинэ үе” тэтгэлэгт төсөл энэ зорилгод чиглэн ажиллаж Монгол Улсад анх удаа уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд инженерийн ёс зүйн бие даасан сургалтын хөтөлбөрийг боловсруулав. Тус хөтөлбөр нь бодит жишээ, ёс зүйн сорилтууд, хүний эрхийн асуудлыг уул уурхайн бодит үйл ажиллагаатай уялдуулсанаараа онцлог байв. 

Сургалтын хөтөлбөрт хамрагдсан оюутан С.Вансэмбэрүү хэлэхдээ “Би инженер болно гэж бодож байсан, харин энэ сургалт намайг ямар инженер болохыг ойлгууллаа” гэсэн юм. Энэхүү сургалтын хөтөлбөрийг салбарын мэргэжилтнүүд ч эерэг хүлээн авсан байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэргэжилтэн Г. Мөнхтуяа “мэргэжлийн орчинд ёс зүйн асуудлыг нээлттэй хуваалцах боломж бүрдэж байгаа нь салбарын хөгжилд томоохон алхам болж байна” гэж тус үйлдвэрт болсон хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. 

Ийнхүү тус санаачилга нь ирээдүйн уул уурхайн боловсон хүчнийг зөвхөн техникийн мэдлэгтэй төдийгүй, мэргэжлийн өндөр хариуцлага, ёс зүйн ухамсартай болгон бэлтгэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

Холбогчийн үүрэгтэй төрийн албан хаагчид: Үл ойлголцлоос хамтын ажиллагаа руу 

Итгэлцэл бий болохын тулд эхлээд иргэдийг оролцоотой байлгаж , мэдээллийн хүртээмжийг бий болгох нь чухал байдаг. Монгол орны баруун бүс нутгийн аймгуудын малчид, уул уурхайн компаниуд болон төрийн байгууллагуудын хооронд олон жилийн турш үүссэн үл ойлголцол хуримтлагдсаар ирсэн байна. Энэ зөрчил нь уул уурхайг эсэргүүцэхээс илүүтэйгээр найдвартай, ойлгомжтой мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байсантай холбоотой байв. 

НҮБХХ-ийн Интегра санаачилга төслийн дэмжлэгтэйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Баруун бүсийн хэлтэс малчдын оролцоог хангах, тэднийг тогтмол, бодит мэдээллээр хангах механизмыг сайжруулах санаачилгыг хэрэгжүүлсэн юм. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлж, иргэдийн оролцоог бодитоор дэмжих ур чадварыг нэмэгдүүлжээ. 

"Үнэндээ нутгийн иргэд уул уурхайг эрс үгүйсгэж, асуудлыг ойлгохыг хүсэхгүй маргаан эсэргүүцэл гаргаад байгаа зүйл байхгүй юм байна. Харин тэдэнд бодит мэдээлэл дутмаг, мэдээлэл хүргэх, зөвлөлдөх, санал бодлыг сонсох, хамтын ажиллагаанд тусгах тодорхой механизм байхгүй байгаад бүх асуудал байсан байна. Тэтгэлэгт төслөөрөө энэ цоорхойг олж харж тэр механизмыг бий болгох эхлэлийг тавьлаа” гэж тэтгэлэгт төслийн багийн ахлагч, Ашигт малтмал, газрын тосны газрын Баруун бүсийн төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Н.Нарантуяа хэллээ. 

Нүүр тулсан уулзалт яриа , хамтарсан хэлэлцүүлэг сургалт зохион байгуулж хэрэгжүүлсэн энэхүү санаачилга нь иргэд болон төрийн байгууллагуудын харилцаа, ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан итгэх итгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 

Оролцоонд суурилсан энэ арга барил нь орон нутгийн түвшинд уул уурхайн засаглалын илүү нээлттэй, итгэлд суурилсан шинэ загваруудыг төлөвшүүлэхэд чухал суурь боллоо.

Шударга ёсыг хамтын хүчээр тогтоодог

Тэтгэлэгт төслийн эдгээр туршлагууд нь уул уурхайн салбар дахь шударга ёс дараах нөхцөлд бэхждэгийг бэлхнээ харуулж байна. 

•    Иргэд үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой байж, 

•    Залуу мэргэжилтнүүд ёс зүйтэй, хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай болж, 

•    Төрийн байгууллагууд иргэдээ сонсож, харилцаж, итгэлцлийг бий болгох туршлагууд байв. 

Интегра төслийн хүрээнд, үндэсний түнш байгууллагуудтай хамтран НҮБХХ нь Монгол Улсын уул уурхайн салбарт шударга ёсыг бэхжүүлэх бодит, хэрэгжихүйц шийдлүүдийг дэмжсээр байна. 

Мэдээлэл нээлттэй байж, шийдвэр гаргалтыг үнэт зүйлс чиглүүлсэн нөхцөлд уул уурхайн засаглал илүү ил тод, хариуцлагатай, хүн төвтэй болж чадах юм.