Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх, үндэсний стратеги боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтарна
February 2, 2025
Улаанбаатар хот, 2025 оны 2 сарын 3 – Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги, алсын хараа боловсруулах хүрээнд стратегийн цар хүрээний төсөл хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжилд чиглэсэн хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлж, хүртээмжтэй байдлыг хангахад анхааран ажиллана.
Технологийн хурдацтай хөгжил дэвшлийн илрэл болсон хиймэл оюун ухааны нөлөө нь дэлхий дахинд бизнес, нийгэм, хүн хоорондын харилцааг хамарч, олон салбарт бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж байна. Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааны засаглал, цахим шилжилтэд чиглэсэн тодорхой ахиц дэвшил гаргаад буй ч улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд хиймэл оюун ухааныг бүрэн гүйцэд ашиглахад үндэсний стратеги чухал ач холбогдолтой.
Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд Ц.Баатархүү, “Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА- ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн багш нараас санал, хүсэлтийг авч байна. Энэхүү үйлст дэлхийн чиг хандлага, олон улсын туршлагыг бидэнтэй хуваалцаж, хамтран ажиллаж буй НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамгийн манлайлалтай улс болоход идэвхтэй хамтран ажиллах болно. Түүнчлэн, хиймэл оюун ухаан ашигласан төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд урт хугацаанд хамтран ажиллана” гэв.
Талууд Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэж, хэтийн төлөвийг тодорхойлон, үндэсний стратеги, алсын хараа боловсруулах юм. Түүнчлэн, кибер аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухааныг үр дүнтэй, хариуцлагатай хэрэглэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд анхааран ажиллана.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт хөгжил, инновац шинэчлэлийг бий болгох асар их нөөц боломжоор дүүрэн. Харин энэхүү нөөц баялаг, түүний үр ашгийг бүх нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжин ажиллах болно” гэв.
Хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан инновац, шинэчлэлийг дэмжиж, тогтвортой, хүртээмжтэй хөгжил дэвшлийг бий болгох замаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, ТХЗ-уудын ахиц дэвшлийг эрчимжүүлэхээр зорьж байна.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
Э.Тэлмэн | Хурдасгуур Лаб | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | telmen.erdenebileg@undp.org
О. Эрдэнэсүх | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org