НҮБХХ ноолуур, ноос, арьс ширний тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж байна

June 18, 2026
Two women in a textile factory beside rows of thread spools; one wears a purple sweatshirt.

Улаанбаатар, Монгол Улс — НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй “Монгол Улсын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисыг халах нь” төслийн хүрээнд “Цагаан алт үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил” сэдэвт гурван өдрийн хосолмол сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 6-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалт, хэлэлцүүлэгт 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон төрийн байгууллага, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, салбарын холбоодын 90 гаруй төлөөлөл оролцов. Арга хэмжээ нь ноолуур, ноос, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээний асуудлаар олон талын хэлэлцүүлэг өрнүүлэх, салбарын гол оролцогчдын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой байв. 

Оролцогчид санхүүжилт, дэмжлэгийн механизм, түүхий эдийн бэлтгэл, мөшгөх тогтолцоо, мал эмнэлгийн үйлчилгээ, стандарт, олон улсын шаардлага болон салбар дахь химийн бодисын хэрэглээний талаар хэлэлцэж, салбарын тэргүүлэх чиглэлүүдийн талаар практик туршлага, санал солилцов.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б. Жавхлан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний арвин нөөц, боломжийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь төрийн бодлогын чухал тэргүүлэх чиглэл хэвээр байгааг онцоллоо. НҮБХХ-ийн Монгол Улс дахь Шадар суурин төлөөлөгч Лин Цао орон нутгийн мэргэжилтнүүд бодлого, хэрэгжилтийг холбох гол гүүр болохыг тэмдэглэж, тэдний манлайлал тогтвортой, химийн бохирдол багатай нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.

Photograph of a procession in white robes walking down a blue-walled corridor.

Сургалтын онцлог нь зөвхөн танхимын хэлбэрээр хязгаарлагдахгүй, оролцоонд суурилсан, бодит нөхцөлд тулгуурласан байдлаар зохион байгуулагдсан явдал байв. Үүнд оролцогчид ноос, ноолуур, арьс ширний салбарын тэргүүлэгч үйлдвэрүүд болон мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, түүхий эд бэлтгэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүх үе шат, тулгамдаж буй асуудлыг бодитоор харж, үйлдвэрлэгчидтэй шууд харилцан санал солилцлоо. 

Гурван өдрийн сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд орон нутгийн шийдвэр гаргагчид болон мэргэжилтнүүд салбарын бодит нөхцөл байдал, түүхий эд бэлтгэлийн гинжин хэлхээ, үйлдвэрлэлийн шаардлагыг илүү гүнзгий ойлгож, цаашид малын таваарлаг байдлыг сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, түүхий эдийн чанар, нийлүүлэлтийг сайжруулах чиглэлээр үйлдвэрлэгчид, холбоодтой нягт хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтийн шударга бус байдлыг арилгахад чиглэн ажилладаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 улс, нутаг дэвсгэр дэх өргөн хүрээний мэргэжилтэн, түншүүдийн сүлжээгээр дамжуулан бид улс орнуудад хүн ба эх дэлхийн төлөө цогц, тогтвортой шийдлүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлдэг. 

Төслийн тухай 

“Монгол Улсын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисыг халах нь” төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байна. 2025–2030 онд хэрэгжих тус төсөл нь ноолуур, ноос, арьс ширний салбарт химийн хорт бодисын хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй, нөөцийн үр ашигтай, тойрог эдийн засагт суурилсан үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.

Холбоо барих

Б.Хулан | Мэдээлэл, харилцаа хариуцсан шинжээч | khulan.bayarsaikhan@undp.org | 976-99096434