Монгол Улс COP17-ын үеэр оролцоонд суурилсан бэлчээрийн мониторингийн тогтолцоог танилцууллаа
August 24, 2026
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 26 – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ) хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Бэлчээрийн оролцоот мониторингийн тогтолцоог албан ёсоор танилцууллаа. Тус арга хэмжээнд төрийн байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, бэлчээрийн талаарх чанартай, найдвартай мэдээлэл болон малчдын оролцоонд тулгуурлан бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглалтад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэв.
Монгол Улсын газар нутгийн 80 орчим хувийг эзэлдэг бэлчээр нь мал аж ахуйд суурилсан эдийн засаг, малчдын амьжиргааны үндэс юм. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтрэх, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын улмаас бэлчээрийн төлөв байдал муудах, цөлжилт нэмэгдэх, биологийн олон янз байдал алдагдах болсон. Энэ нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ Монгол Улсын ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн шилжилтэд томоохон сорилт учруулж байна. Бэлчээрийг тогтвортой ашиглах нь Монгол Улсын уур амьсгалын зорилтуудыг хэрэгжүүлэхэд мөн чухал ач холбогдолтой бөгөөд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын 30 орчим хувийг мал аж ахуйн салбараас бүрдүүлэхээр тооцоолж байна. Эдгээр сорилтыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, газрын доройтол аль бүс нутагт хэр түвшинд явагдаж байгаа эсэх, мөн хамгаалал, нөхөн сэргээлтийн арга хэмжээ бодит үр дүн өгч байгаа эсэхийг тогтмол хянах шаардлагатай юм. Гэвч бэлчээрийн төлөв байдлыг үнэн зөв үнэлэхэд шаардлагатай, найдвартай бөгөөд баталгаажуулах боломжтой мэдээллийг тогтмол, өргөн хүрээнд бүрдүүлэх нь хүндрэлтэй хэвээр байна.
Оролцоонд суурилсан бэлчээрийн мониторингийн тогтолцоо нь үндэсний фото мониторингийн мэдээллийг хиймэл дагуулын зураг, хиймэл оюун ухааны технологи болон малчдын цуглуулсан мэдээлэлтэй нэгтгэн, бэлчээрийн төлөв байдлыг илүү өргөн хүрээнд хянах боломжийг бүрдүүлж байна. Тус тогтолцооны нэг хэсэг болох Belcheer гар утасны аппликэйшнийг Завхан, Сүхбаатар аймагт туршиж, улмаар малчид өөрсдийн ашиглаж буй бэлчээрийн гэрэл зураг, газар зүйн байршил болон хээрийн ажиглалтын мэдээллийг шууд системд оруулж байна. Ингэснээр малчдын мэдлэг, туршлага бэлчээрийн мониторингийн мэдээллийн нэгэн чухал хэсэг болж, бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, зохистой ашиглахад малчдын оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
ГЗБГЗЗЕГ-ын дарга Анандын Энхманлай: “Бэлчээрийн төлөв байдлыг тухайн нутагт ажиллаж, амьдарч байгаа малчдын оролцоотойгоор тодорхойлох нь чухал. Малчдын ажиглалт, газар дээрээс цуглуулсан мэдээллийг мэргэжлийн байгууллагын мониторинг, хиймэл дагуулын болон бусад эх үүсвэрийн мэдээлэлтэй уялдуулснаар бэлчээрийн төлөв байдлыг илүү бодитой үнэлж, тухайн газрыг хэрхэн ашиглах, хаана нөхөн сэргээх, ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргахад ашиглах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон: “Belcheer аппликэйшнээр дамжуулан малчид бэлчээрийнхээ төлөв байдлыг хянах, мэдээлэл цуглуулах замаар шийдвэр гаргалтад оролцох боломжтой болж байна. Малчдын мэдлэг, туршлагыг шинэ технологитой хослуулан найдвартай мэдээлэл бий болгож, бэлчээрийн зохистой ашиглалт, хамгаалал, нөхөн сэргээлт болон тогтвортой санхүүжилтэд ашиглах энэхүү ажлыг НҮБХХ дэмжин ажиллаж байгаадаа баяртай байна” гэв.
Бэлчээрийн мониторингийн тогтолцоог бүрдүүлж, Belcheer аппликэйшнийг орон нутагт туршсанаар цаашид аргачлалыг боловсронгуй болгох, холбогдох байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, улмаар үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэлийг хангах боломж бүрдэж байна. Үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр бэлчээрийн төлөв байдлын найдвартай мэдээлэлд тулгуурлан нөхөн сэргээлтийн ажлыг оновчтой төлөвлөх, үр дүнг нь хянах, улмаар тогтвортой санхүүжилт, уур амьсгалын хөрөнгө оруулалт болон үр дүнд суурилсан санхүүжилтийг татахад шаардлагатай мэдээллийн суурийг бүрдүүлэх боломжтой юм.
Энэхүү санаачилгыг НҮБ-ын Олон талт түншлэгчдийн Итгэлцлийн сангийн санхүүжилттэй “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” (PAGE) хөтөлбөрийн Монголын хүртээмжтэй ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. PAGE хөтөлбөр нь НҮБХХ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн (UNITAR) гэсэн НҮБ-ын таван байгууллагыг нэгтгэн, улс орнуудын хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн шилжилтийг дэмжин ажилладаг.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн тухай
НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл нь санхүү, хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй, тойрог, ногоон эдийн засгийн шилжилтэд чиглүүлэх зорилгоор тогтвортой байдлыг дэлхийн эдийн засгийн бодлого боловсруулах үйл явцын төвд байршуулан ажилладаг. Энэхүү түншлэлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн зэрэг НҮБ-ын таван агентлаг нэгдэн, түнш орнуудыг хүртээмжтэй ногоон эдийн засагт шилжих үйл явцыг бодлогын зөвлөмж, үнэлгээ судалгаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа болон дүн шинжилгээний арга хэрэгслээр хангах замаар тууштай дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан мэргэжилтэн, khulan.bayarsaikhan@undp.org