Гемофили өвчний нэн шаардлагатай эмийг хүлээлгэн өглөө

September 1, 2026
Photo of workers in blue shirts loading a large crate onto a delivery truck at a warehouse.

Улаанбаатар, 2026 оны 9-р сарын 1. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) хамтран “Нэн шаардлагатай эмийн худалдан авалт” төслийн хүрээнд гемофилийн эмчилгээнд хэрэглэдэг рекомбинант VIII, IX фактор эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. 

Энэхүү санаачилга нь НҮБХХ болон Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд Монгол Улсын эм ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, чанарын баталгаатай эмийн хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Үүнд нэн шаардлагатай, урт хугацааны эмчилгээ шаарддаг, эсвэл нийлүүлэлт тасалдах эрсдэл өндөртэй эмүүдийг хамруулна.

Рекомбинант факторын эмүүд нь гемофили өвчний эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эдгээр эмээс хамааралтай өвчтөнүүдийн эмчилгээ тасралтгүй үргэлжлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү үйл ажиллагаа нь нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлэх зорилгоор НҮБХХ болон Эрүүл мэндийн яам хооронд 2026 оны 2-p сард байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлаж байна. Улмаар 2026 оны 4-p сард НҮБХХ болон ЭЭХХЗГ “Нэн шаардлагатай эмийн худалдан авалт” төслийг хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан юм. 

Эрүүл мэндийн сайд, Э.Батшугар хэлэхдээ: “НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр эдгээр эмийн нэгж үнийг бууруулж, 350.0 сая төгрөгийн хэмнэлт гарган, анхны төсөвт багтаагүй байсан нэн шаардлагатай гурван нэр төрлийн эмийг нэмж захиалах боломжтой болсон. Ингэснээр нийт таван нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторыг Цус судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, эмчилгээний хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж байна”.

Business meeting in a sunlit boardroom with a central speaker and colleagues.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга, П.Алтанцэцэг хэлэхдээ: “Энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, эмчилгээний идэвх өндөртэй эмийн тасралтгүй хангамжийг хангах, эмийн хяналт, зохицуулалтыг сайжруулах бидний зорилтыг дэмжиж байна. НҮБХХ-тэй хамтран ажилласнаар зах зээлд тасалдал үүсэх эрсдэлтэй нэн шаардлагатай эмийг шаардлага хангасан үйлдвэрлэгчээс авч, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанарыг сайжруулж байна”.

Photograph of a woman in a blue blazer at a conference table, with white cups nearby.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон хэлэхдээ: “Гемофилийн эмчилгээний найдвартай хүртээмж нь өвчтөнүүдийн амьдралын чанар дээшлэх, хүндрэл буурахтай шууд холбоотой. НҮБХХ-ийн олон улсын худалдан авалтын туршлага, чадавх нь Монголын өвчтөнүүд болон тэдний гэр бүлд бодитой үр дүн авчирч буйд баяртай байна. НҮБХХ нь Засгийн газар болон үндэсний байгууллагуудтай хамтран чанарын баталгаатай, нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, илүү найдвартай, хүртээмжтэй, хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно”. 

НҮБХХ нь дэлхийн хэмжээнд худалдан авалтын өргөн сүлжээ, туршлагатай ба Засгийн газруудтай хамтран ажиллаж улс орнуудад чанарын баталгаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ил тод, хэмнэлттэй, найдвартай механизмаар авахад дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад энэхүү дэмжлэг нь эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, амин чухал эмчилгээ шаардлагатай хүмүүст цаг тухайд нь хүрэх боломжийг бүрдүүлж байна.

Photograph of a gray-haired man in a suit seated at a desk, speaking.

НҮБXX-ийн тухай 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн үндэстний байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Холбоо барих

Б.Хулан | НҮБХХ-ийн Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org