НҮБХХ, ХХААХҮЯ хамтран COP17 үеэр тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ, ногоон шилжилтийн асуудлыг хэлэлцлээ
August 24, 2026
Улаанбаатар, 2026 оны 8-р сарын 21. Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийн хүрээнд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17-p бага хурлын (COP17)-ын Ногоон бүсэд “Монголын малын гаралтай бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ ба ногоон шилжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээг Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулав.
Тус хэлэлцүүлгээр ноолуур, ноос, арьс ширний салбарууд аюулгүй, цэвэр, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. Химийн бодисын зохистой менежмент, цэвэр үйлдвэрлэл, ногоон санхүүжилт, экспортын өрсөлдөх чадварын асуудлыг хөндөхийн зэрэгцээ олон улсын зах зээл бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэлийн нөхцөл, байгаль орчны үзүүлэлтийн талаарх найдвартай мэдээллийг улам бүр шаардаж буй энэ үед мөшгөх тогтолцоо, баталгаажуулалт, ил тод байдлын ач холбогдлыг онцоллоо.
Панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монголын малын гаралтай бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар нь зөвхөн үйлдвэрлэлийн шатнаас бус, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах, мал аж ахуйн тогтвортой хөгжлөөс эхэлдэг болохыг онцоллоо. Мөн ногоон шилжилт нь байгаль орчны асуудал төдийгүй үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний үнэ цэнэ, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бизнесийн томоохон боломж болохыг тэмдэглэв.
Цаашдын гол чиглэлүүдэд бэлчээрээс зах зээл хүртэлх тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх; байгаль орчинд ээлтэй технологи, инновацыг өргөжүүлэх; мөрдөн мөшгөх болон баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах; ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх; төр, салбарын холбоод, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн түншлэлийг гүнзгийрүүлэх зэрэг асуудлыг тодорхойлов.
Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын малын гаралтай бүтээгдэхүүний тогтвортой, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, улмаар газрын нөхөн сэргээлт, эдийн засгийн тэсвэржилт, урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хамтын зорилтоо илэрхийллээ.
НҮБХХ-ийн тухай
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Холбоо барих
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан мэргэжилтэн, khulan.bayarsaikhan@undp.org