Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэж, түншлэлийн ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ
June 14, 2026
Улаанбаатар хот, 2026 оны 6-р сарын 15 – Монгол Улc болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) өнөөдөр хамтын ажиллагааны 50 жилийн ойгоо тэмдэглэж, хүн төвтэй хөгжлийг дэмжихэд чиглэсэн хагас зуун жилийн түншлэлийг онцоллоо. Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан ойн арга хэмжээний үеэр хамтын ололт амжилтыг эргэн дүгнэхийн зэрэгцээ цаашдын хөгжлийн шинэ чиг хандлагыг хэлэлцэв.
1976 оноос хойш НҮБХХ нь засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүртээмжтэй өсөлтийг бий болгох зэрэг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмжин, хамтран ажиллаж ирсэн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Ц.Сандаг-Очир хэлэхдээ: “Өнгөрсөн 50 жилийн хугацаанд НҮБХХ Монгол Улсад ардчилсан засаглал, институцийн хөгжил, хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж ирсэн. Үүнд, чадавх бэхжүүлэх, урт хугацааны хөгжлийг чиглүүлэх бодлого, шийдлүүдийг урагшлуулах зэрэг олон ажил үйлс, амжилт бүтээл багтана.”
Арга хэмжээний үеэр “Түншлэлийн ирээдүйн чиглэл, хүлээлт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, залуучууд, малчдын төлөөлөл хамтын ажиллагааны дараагийн үе шатаас хүлээж буй үр дүн, чиглэлийн талаар үг хэлж, санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн НҮБХХ болон Монгол Улсын түншлэлийн өргөн цар хүрээ, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг харуулсан “Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жил: Ололт амжилтын түүх ба ирээдүйн замнал” номыг нийтэлж, олны хүртээл болголоо.
НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаража видео мэндчилгээ дэвшүүлэхдээ: “Өнгөрсөн тавин жилийн хугацаанд НҮБХХ Монгол Улстай хамт алхаж, өөрчлөлтийн үе шат бүрийг туулан ирлээ. Ардчилсан засаглалыг дэмжих, дижитал шилжилт, уур амьсгалын тэсвэржилт, хүртээмжтэй өсөлтийг ахиулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажилласан билээ. НҮБХХ-Монгол Улсын түншлэлийн дараагийн үе шат нь хамтын зорилго тэмүүлэл, хамтын бүтээн байгуулалтаар тодорхойлогдох болно.”
Ойн арга хэмжээг тохиолдуулан НҮБХХ нь итгэлт түншийн байр сууриа дахин бататгаж, олон улсын шийдлүүдийг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилт болон инновацыг ахиулах замаар Монгол Улсад тулгарч буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлсэн үгэндээ: “Энэхүү түүхэн ой нь зөвхөн өнгөрснөө эргэн дүгнэх бус, ирээдүйгээ хамтдаа тодорхойлох мөч юм. Бид илүү том зорилго тавьж, илүү инновацаг түншлэлийг эхлүүлэх шинэ хуудсыг нээж байна.”
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Холбоо барих
Б.Хулан | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн, НҮБХХ | khulan.bayarsaikhan@undp.org, 976-99096434