Лионел Лорoн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдлоо
August 5, 2026
Улаанбаатар, 2026 оны 8-р сарын 5 - Лионел Лорoн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Монгол дахь шинэ Суурин төлөөлөгчөөр үүрэгт ажилдаа орж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт итгэмжлэх захидлаа өргөн барилаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хөгжлийн түншүүд болон орон нутгийн иргэдтэй нягт хамтран, хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй хөгжлийг ахиулахад чиглэсэн НҮБХХ-ийн үйл ажиллагааг удирдан ажиллана.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8-р сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй цаг үеэр Лионел Лорoн үүрэгт ажилдаа орж байна. “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох Талуудын 17 дугаар бага хурлaap дэлхийн улс орнууд газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэртэй байдал, бэлчээрийн тогтвортой менежмент, амьжиргаа, экосистемийг хамгаалах бодит шийдлүүдэд гол анхаарлаа хандуулах юм.
“Монгол Улсын хувьд чухал цаг үед энэхүү ажил үүргийг хүлээн авч, НҮБХХ-ийн тус улстай тогтоосон олон жилийн түншлэлийг үргэлжлүүлэн урагшлуулах болсондоо баяртай байна” хэмээн Лионел Лорoн хэллээ. “Монгол Улс тогтвортой хөгжлийг ахиулах, уур амьсгалын тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр чухал ахиц гаргасан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хурдасгаж, илүү хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд Монгол Улсыг үргэлжлүүлэн дэмжих болно.”
Лионел Лорoн нь засаглал, хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлт, хямралын хариу арга хэмжээ, тэсвэртэй байдал, ядуурлыг бууруулах чиглэлээр Африк, Ойрх Дорнод, Ази тивд арвин туршлага хуримтлуулсан. Мөн тэрээр хөгжлийн, хүмүүнлэгийн болон хямралын дараах нөхцөл байдалд НҮБХХ-ийн удирдах түвшний албан тушаал хашиж, хөгжлийн асуудлыг нэгдмэл, хүн төвтэй арга барилаар шийдвэрлэхэд онцгой анхаарч иржээ.
НҮБХХ нь Монгол Улстай 50 жилийн турш хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, байгаль орчны тогтвортой менежмент, хүртээмжтэй өсөлт, цахим шилжилт, жендэрийн тэгш байдал, тогтвортой санхүүжилт зэрэг үндэсний тэргүүлэх чиглэлүүдийг дэмжсээр ирсэн. Лионел Лорoны удирдлага дор Монгол дахь НҮБХХ нь хөгжлийн бодлогод нийцсэн, хүн ба эх дэлхийд урт хугацаандаа үр өгөөжтэй шинэлэг шийдлүүдийг дэмжин хэрэгжүүлж, түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтарч ажиллана.
Лионел Лорoны намтартай танилцах.
Хэвлэл мэдээлэл, холбоо барих:
Б.Хулан | НҮБХХ, Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org | 976-99096434