Урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийн стратегийг боловсруулах үйл явцыг НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөр дэмжиж байна
June 24, 2026
Улаанбаатар. 6-р сарын 24 - Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Уур амьсгалын амлалт төсөл хамтран Монгол Улсын урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багтай хөгжлийн стратегийн (LT-LEDS) хувилбаруудыг Системийн динамик загварчлал ашиглан боловсруулахад үндэсний чадавхыг бэхжүүлэх семинарыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд төрийн байгууллага, их дээд сургууль, судалгааны хүрээлэн болон хөгжлийн түнш байгууллагуудын 50 орчим төлөөлөгч оролцов. Оролцогчид хөгжлийн хувилбарын шинжилгээ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон эрчим хүч, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хог хаягдал, газрын ашиглалт зэрэг салбаруудын шилжилтийг төлөвлөхөд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% бууруулах зорилт дэвшүүлээд байна. LT-LEDS-г боловсруулaxaд Системийн динамик загварчлал нь эдийн засгийн өсөлт, хүн амын өөрчлөлт, технологийн сонголт, нөөц ашиглалт, хүлэмжийн хийн ялгарал болон бодлогын арга хэмжээнүүдийн харилцан хамаарлыг үнэлэхэд тусална. Ингэснээр бодлого боловсруулагчид өөр өөр хувилбарууд болон тэдгээрийн давуу тал, эрсдэл, харилцан хамаарлыг шинжлэх боломжтой юм.
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга Д.Сугар хэлэхдээ: "Эдийн засаг, хөгжлийн яам нь урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах, стратегийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоход онцгой анхаарч байна. Энэ хүрээнд LT-LEDS нь зөвхөн уур амьсгалын бодлогын баримт бичиг төдий бус, харин Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ногоон шилжилтийн замналыг тодорхойлоход чухал ач холбогдолтой стратегийн хүрээ баримт бичиг юм" гэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Орлогч Суурин төлөөлөгч Лин Цао хэлэхдээ:"Монгол Улсын LT-LEDS-г боловсруулах үйл явц нь уур амьсгалын урт хугацааны зорилтуудыг тогтвортой хөгжлийн бодит, нотолгоонд суурилсан хэрэгжихүйц замнал болгон хувиргах чухал боломж юм. Уур амьсгалын амлалт төслийн хүрээнд НҮБХХ нь үндэсний байгууллагуудын манлайлал, оролцоог бэхжүүлэх, гаргалгаа хийх чадавхыг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах үйл явцад зөв хувилбарын загварчлалыг ашиглахад дэмжлэг үзүүлж байна. Энэ нь зөвхөн стратеги боловсруулахад төдийгүй урт хугацааны их өөрчлөлтийг чиглүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм" хэмээн онцоллоо.
Энэхүү семинарын үр дүн нь Монгол Улсын 2050 он гэхэд цэвэр (net-zero) ялгаралд хүрэх зорилтыг дэмжсэн, тогтвортой эдийн засгийн хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангасан LT-LEDS-г боловсруулахад хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаа нь яамд, судалгааны байгууллагууд болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гаргалгааны арга зүйд суурилсан нийтлэг ойлголтыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.