НҮБХХ болон КОЙКА байгууллага Монгол Улсад эмэгтэйчүүд, залуучуудын манлайллыг дэмжих хамтын ажиллагааныхаа хоёр дахь үе шатыг эхлүүлж байна.
July 22, 2026
Улаанбаатар хот, 2026 оны 7-р сарын 22. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (КОЙКА) Монгол Улсад жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй засаглалыг дэмжих хамтын ажиллагааныхаа хоёр дахь үе шатыг эхлүүлэх Санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
НҮБХХ нь “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн 2 дугаар үе шатыг Улсын Их Хурлын Тамгын газар, төрийн байгууллагууд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран 2026-2029 онд дөрвөн жил хэрэгжүүлнэ.
Монгол Улс жендэрийн тэгш байдал болон ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргаж байгаа хэдий ч эмэгтэйчүүд, залуучуудын манлайлал шийдвэр гаргах түвшинд хангалттай биш хэвээр байна. Тус төсөл нь эхний үе шатанд хүрсэн үр дүнд тулгуурлан эмэгтэйчүүд залуучуудын тэгш оролцоо, төлөөллийг хязгаарлаж буй институцийн, бүтцийн болон нийгмийн саад бэрхшээлийг арилгахад дэмжлэг үзүүлэх юм.
“Эхний үе шатны ололт амжилтыг БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнгийн саяхан Монгол Улсад төрийн айлчлалын үеэр байгуулсан БНСУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай Хамтарсан тунхаглал-д тусгаснаар хамгийн өндөр түвшинд үнэлэн хүлээн зөвшөөрсөн. Энэ нь манай хамтын ажиллагаа ямар үр дүнд хүрснийг илтгэж байна” гэж Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, энэхүү ахиц дэвшилд тулгуурлан хэрэгжих хоёр дахь үе шат нь орон нутгийн түвшин дэхь дэмжлэгээ өргөжүүлж, илүү олон залуусыг чадавхжуулах замаар улам их үр нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн БНСУ-ын ардчилсан засаглалын туршлагыг хуваалцах замаар Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх гүүр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Төсөл нь манлайллын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүй болон бодлогын шинэчлэлийг дэмжих, улс төрийн намуудад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг төлөвшүүлэх, мөн тэгш оролцоо, төлөөллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэн хэрэгжих юм. Тодруулбал, төсөл нь сургалт, зөвлөн чиглүүлэх хөтөлбөр (менторшип), тэтгэлэгт хөтөлбөр болон сүлжээ бий болгох замаар эмэгтэйчүүд, залуучуудын манлайллыг бэхжүүлэх, тэгш оролцоо, төлөөллийг дэмжих, институцийн болон хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, их, дээд сургууль болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар эмэгтэйчүүд, залуучуудын улстөрийн манлайллыг дэмжих олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
“Хүртээмжтэй засаглал нь эмэгтэйчүүд, залуучууд зөвхөн төлөөлөлтэй байгаад зогсохгүй өөрсдийн амьдрал, орон нутагт нөлөөлөх шийдвэрүүдэд бодитоор нөлөөлөх боломжтой болох үед л хамгийн үр дүнтэй хэрэгждэг” гэж НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска онцолоод НҮБХХ нь КОЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй урт хугацааны энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсад тэгш оролцоонд саад болж буй бэрхшээлүүдийг арилгах, мөн илүү төлөөлөлтэй, эргэх холбоотой, хариуцлагатай төрийн байгууллага болон улс төрийн шийдвэр гаргах үйл явцыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллаж байна гэлээ.
Төсөл нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд 2029 он гэхэд Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар зорьж байна. Тухайлбал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай ТХЗ 5, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэх тухай ТХЗ 16, түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын хэрэгжилтийг дэмжихэд хувь нэмэр оруулах юм.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
КОЙКА-ийн тухай
Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (КОЙКА) нь 1991 онд Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан Засгийн газрын агентлаг болж байгуулагдсан юм. КОЙКА нь түншлэгч орнуудаа ядууралтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр ажилладаг.
Холбоо барих
Б.Хулан | НҮБХХ-ийн Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org