Малчид гамшгийн эрсдэлд урьдчилан бэлтгэж байна
October 13, 2026
Малчид гамшгийн эрсдэлд урьдчилан бэлтгэж байна
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжихийн хэрээр Монгол орны малчид амьдрал, аж ахуйгаа эрхлэх арга барилаа шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчилж байна. Гамшиг тохиолдох бүрд учирсан хохирлоо нөхөж, мал сүргээ дахин өсгөхөөс илүүтэй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлчээр, усны нөөцөө хамгаалах, мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэх, өрхийн орлогоо тогтвортой байлгах арга замыг эрэлхийлэх болжээ.
2020 онд Сүхбаатар аймагт хүчтэй мөндөр бууж, малчин Д.Бүнчин 300 орчим ямаагаа алджээ. Гэр бүлээрээ хичээн мал сүргээ эргэн өсгөсөн ч 2023–2024 оны хүнд зуд тэдэнд дахин гарз хохирол учруулав. Тухайн зудын үеэр Сүхбаатар аймагт нийт 1.8 сая толгой мал хорогдсон юм.
Байгалийн гамшигт үзэгдэлтэй удаа дараа нүүр тулсан нь Бүнчингийн мал аж ахуйгаа эрхлэх арга барил, цаашдын сонголтод нөлөөлжээ. Гамшгийн дараа хохирлоо нөхөхөөс илүүтэй дараагийн эрсдэлд урьдчилан бэлтгэх нь чухал гэдгийг тэрээр амьдралынхаа туршлагаас ойлгосон байна.
Өдгөө Бүнчингийн гэр бүл намар эртнээс малаа соргог бэлчээрт гаргаж, бэлчээрээ сэлгэн ашиглах, өвөлжөө, хаваржаа, хашаа хорооны бэлтгэлээ сайтар хангахад анхаардаг болжээ. Цаг агаар, бэлчээрийн нөхцөлийг ажиглан мал аж ахуйгаа эрхлэхдээ өвөг дээдсээс өвлөсөн уламжлалт мэдлэг, туршлагаа уур амьсгалын мэдээлэл, мал аж ахуйн менежментийн шинэ арга барилтай хослуулж байна.
Үүний зэрэгцээ тэрээр малын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэй сүргийн чанар, ашиг шимийг чухалчлах болжээ.
“Ашиг шим багатай олон малтай байснаас цөөн боловч эрүүл, ашиг шим сайтай малтай байх нь илүү дээр.”
Бүнчингийн энэхүү сонголт нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй олон малчин өрхийн өмнө тулгарч буй асуудлыг илэрхийлнэ. Уламжлалт арга барилаа шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчилж, эрсдэлд урьдчилан бэлтгэхэд малчдын өөрсдийн хүчин чармайлтаас гадна найдвартай мэдээлэл, мэдлэг, бодит дэмжлэг шаардлагатай.
Сүхбаатар аймгийн малчин Д.Бүнчин
Гамшгийн эрсдэлийг бууруулах нь
Гамшиг тохиолдсоны дараа хариу арга хэмжээ авахаас илүүтэй болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлтгэлээ хангах нь “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн үндсэн зорилтуудын нэг юм.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй тус төсөл нь Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймагт уур амьсгалын эрсдэлийн мэдээллийг орон нутгийн төлөвлөлт, бэлчээр, усны менежмент, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, мал аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээтэй уялдуулж байна.
Сүхбаатар аймагт орон нутгийн удирдлага, малчид, иргэдийн оролцоотойгоор усны нөөцийг хамгаалах, доройтсон бэлчээрийг сэргээх, ган, зудын эрсдэлд бэлэн байдлыг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна.
Эдгээр нь тус тусдаа арга хэмжээ мэт боловч нэг зорилгод чиглэдэг. Тэр нь малчин өрхүүдийн гамшгийн эрсдэлд бэлэн байдлыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, амьжиргааны тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал юм.
Бэлчээр, усаа хамгаалж, байгалийн нөөцөө сэргээх нь
Сүхбаатар аймагт хур тунадасны хэмжээ буурч, гангийн давтамж нэмэгдэхийн хэрээр гол, булаг шандны ус татарч, хүн, малын усан хангамжийг найдвартай хангах асуудал улам хүндрэлтэй болж байна. Усны нөөц багасах нь малчин өрхийн амьжиргаанд нөлөөлөхөөс гадна үлдэж буй усны эх үүсвэр, түүний орчны экосистем, бэлчээрт ирэх ачааллыг нэмэгдүүлдэг.
Бүнчингийн нутагт ч энэ асуудал тулгарчээ. Харин АДАПТ төслийн хүрээнд булгийн эхийг байгальд ээлтэй аргаар хашиж хамгаалснаар малын хөлд талхлагдаж, бохирдохоос сэргийлж, булгийн ундарга болон орчны экосистем сэргэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Түвшинширээ сумын тус булаг нь Сүхбаатар аймагт төслийн хүрээнд хашиж хамгаалсан нийт 22 булгийн нэг юм. Эдгээр булаг, инженерийн хийцтэй худгууд нь 1,000 орчим малчин өрхийн усан хангамжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.
“Энэ булгийг хамгаална гэдэг нь үр хүүхэд, хойч үеийнхээ усыг хамгаалж байгаа хэрэг” хэмээн Бүнчин хуучлав.
Усны эх үүсвэрийг хамгаалахтай зэрэгцэн түүний орчны бэлчээр, ургамлын нөмрөгийг нөхөн сэргээх нь мөн чухал. Энэ хүрээнд төслөөс Сүхбаатар аймагт булгийн орчмын доройтсон 22 га бэлчээрийг нөхөн сэргээх, мөн 200 га талбайг хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх зориулалтаар хашиж хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Ингэснээр бэлчээрийн ачааллыг тодорхой хугацаанд бууруулж, ургамал нөхөн сэргэх боломж бүрдэхийн зэрэгцээ ган, зудын үед ашиглах өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.
Усны нөөц, бэлчээрийн ургамалжилт, өвс тэжээлийн бэлтгэл нь хоорондоо салшгүй холбоотой. Эдгээрийг хамтад нь хамгаалж, зохистой ашиглах нь байгалийн нөөцийн доройтлыг бууруулаад зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд зэрэг эрсдэлд малчин өрхүүдийн бэлэн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Тогтвортой мал аж ахуйг зах зээлийн боломжтой холбох нь
Байгалийн нөөцөө хамгаалах, мал аж ахуйн арга барилаа өөрчлөх хүчин чармайлт малчдын орлого, амьжиргаанд бодит үр өгөөж авчирч байж урт хугацаанд тогтвортой үргэлжилнэ.
Үүний нэг жишээ нь Бүнчингийн гишүүн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Бат Бэх Найрамдал” хоршоо юм. Төслийн дэмжлэгтэй сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамрагдаж буй тус хоршоо 2025 онд өөрсдийн санаачилгаар мал нядлах, мах боловсруулах анхан шатны байгууламж шинээр байгуулжээ. Улмаар 2026 онд хоршооны гишүүд болон хөрш зэргэлдээ зургаан сумын малчдаас хурга бэлтгэн, 30 орчим тонн хурганы махыг Алжир Улсад экспортлохоор нийлүүлсэн байна.
Энэ нь малчдад борлуулалтын шинэ суваг нээгээд зогсохгүй мал аж ахуйгаа эрхлэх арга барилаа өөрчлөх эдийн засгийн боломж бүрдүүлж байна.
Тухайлбал, хавар төллөсөн хургыг дахин нэг өвөл, бэлчээрийн улирал дамнуулалгүйгээр тухайн жилийн 9–11 дүгээр сард зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Ингэснээр малчид бүтээгдэхүүнээ эрт борлуулж, орлогоо бүрдүүлэхийн зэрэгцээ дараагийн өвөлд шаардагдах өвс тэжээл, бэлчээрийн хэрэгцээг бууруулах давуу талтай.
Хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хадгалах, тээвэрлэх нөхцөл ч чухал. Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тус хоршоонд хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр тоноглосон агуулах-контейнер нийлүүлжээ.
Өдгөө уг агуулах-контейнерыг гурван сумын сургуулийн хүүхдийн үдийн хоолны хүнсний түүхий эдийг хадгалах, нийлүүлэхэд ашиглаж байна. Энэ нь хоршооны үйл ажиллагааг орон нутгийн хүнсний хангамжтай холбохын зэрэгцээ цаашид зах зээлээ тэлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Ийнхүү хоршооны үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын чадавх бэхжиж байгаа нь Бүнчингийн зорьж буй цөөн боловч эрүүл, ашиг шим сайтай мал сүрэгтэй байх сонголтыг өрхийн орлого, зах зээлийн бодит боломжтой холбож байна.
Эрсдэлд бэлтгэх нь ирээдүйгээ хамгаалах эхлэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах нь зөвхөн зудын өмнө өвс тэжээл нөөцлөх, гамшгийн дараа учирсан хохирлыг барагдуулах төдий асуудал биш. Байгалийн нөөцөө хамгаалах, мал аж ахуйн арга барилаа шинэ нөхцөлд нийцүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй болох нь эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх харилцан уялдаатай алхмууд юм.
Малчдын уламжлалт мэдлэг, орон нутгийн хамтын ажиллагаа, байгалийн нөөцийн зохистой менежмент, зах зээлийн боломжийг хослуулснаар гамшигт өртөх эрсдэлийг бууруулах, малчдын амьжиргаагаа тогтвортой авч явах нөхцөлийг бүрдүүлж байна.
Бүнчингийн гэр бүлийн хувьд энэ өөрчлөлт мал сүргийнхээ тооноос илүү чанар, ашиг шимийг эрхэмлэж, бэлчээр, усныхаа нөөцөд тохируулан аж ахуйгаа эрхлэх сонголтоор илэрч байна. Тэд дараагийн гамшгийг хүлээх бус, учирч болзошгүй эрсдэлд өнөөдрөөс бэлтгэж, гэр бүлийнхээ ирээдүйг хамгаалахыг зорьж байна.