Дархадын цэнхэр хотгорын Дархан байгаль хамгаалагч

March 1, 2024

“Бүлээн амьсгал нь мэдрэгдээд л хажууд ирээд зогсчихсон. "Одоо ингээд бариад авах нь, хаашаа аваад шиддэг бол?" гэж бодож байлаа. Гэтэл тэгсэнгүй. Нэлээд байж байгаад хурууныхаа салаагаар хартал хажууд алга. Тэр баавгай бамбаруушаа аваад явсан байсан. 11 жил энэ тайгаар хэрэн хэсэхдээ тэрэн шиг айж сандарч байсан удаагүй” гэж Улаан Тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Шарга Хавхын голын ай сав газрыг хариуцсан байгаль хамгаалагч Ш. Магсар ярилаа.

Улаан Тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Шарга Хавхын голын ай сав газрыг хариуцсан байгаль хамгаалагч Ш. Магсар

НҮБХХ

Тэрбээр дөрвөн цагийн эргэлтэд уул хад, хээр тал, ой хөвч тайгаар гэр хийж, ан амьтнаар хань хийж явахдаа амь дүйсэн эрсдэлүүдтэй ийнхүү тулгардаг эх дэлхийн экосистем, биологийн олон янз байдал, эх  орныхоо байгаль орчныг хамгаалахын төлөө ажиллаж буй Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд ажиллаж буй 1000 гаруй байгаль хамгаалагчдын нэг. 

Түүний өсөж төрсөн нутаг, үзэсгэлэнт Дархадын хотгорыг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын захиргаа байгуулсан 2013 оноос эхлэн Ш.Магсар тасралтгүй 11 дэх жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. 

“Баавгайтай нүүр тулсан тэр мөч л санаанаас гардаггүй юм. Тэр өдөр Хавх ороод, Утрагийн рашааны эх рүү давтал нэлээн орой болж голын эхэнд ганцаараа хушин ойд хонох боллоо. Гал түлж, буугаа галынхаа дэргэд орхиод хушин дотор явж байтал нэг баавгайн бамбарууш мод руу авирч харагдлаа. Эх нь хаана байгаа юм бол бодох зуурт л нэг том шар баавгай хүрхрээд л ороод ирсэн. Би амьдралдаа "Ээж ээ" гэж уулгалж хашхирч байгаагүй. Тэр үед би өөрийгөө баараггүй хашхирсан гэж боддог юм. Хашхираад нүүрээ дараад доошоо суучихсан даа. Аз болж тэр том эвш намайг яагаа ч үгүй. Ер нь өөрт нь, үр хүүхдэд нь гэм хийхгүй л бол баавгай шиг гэмгүй амьтан байхгүй. Ер нь манай Утраг баавгайтай. Өнгөрсөн жил 3 бамбарууштай баавгай байсан” гэж тэрээр хүүрнэв.

Магсар өөрийн хариуцан хамгаалдаг Шарга-Хавхын голын ай сав газрын 86 мянган га газар нутгийг гарын арван хуруу шигээ мэднэ. Байгаль хамгаалагч хүн угаасаа ийм л байх ёстой. Хойч үедээ энэ сайхан эх орноо бүрэн бүтэн өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж буй энэ ажлаараа  үргэлж бахархаж явдагаа тэрээр хэлж байв.  

Түүний аав анчин хүн байж. Багаасаа аавыгаа дагаж ан гөрөөнд явсаар нутаг орон, газар усаа маш сайн мэддэг болсны зэрэгцээ байгаль эх дэлхий, ан амьтантай  харьцах, хамгаалах талаар өвлөсөн мэдлэг, холч ухаан нь түүнд энэ мэргэжлээр ажиллахад нь маш их нэмэр тус болдог аж.  

“Хуучны анч гөрөөч хүмүүс хэзээ ч дуртай цагтаа, харсан амьтан бүрээ унагадаггүй байсан. Жишээ нь миний аав амьтан төрөх, гөрөөс янзагалах цагаар анд огт явдаггүй хүн байлаа. Нэг удаа нэг ах минь зөрүү харж хөхүүл зүр /эм бор гөрөөс/ агнаж ирсэн байсан юм. Тэгэхэд аав янзагыг нь олж ир гэж аашилж хөөгөөд ахыг гэрт оруулахгүй 3 хонуулж байсан. Тэр зуурт ээж минь ахыг нууцаар хүйтэн хоол, талх гэрээс гарган өгч тэжээж, ах маань ч тайгаар хайж бэдэрч явсаар 3 хоносны хойно янзагыг нь олж ирснээр бид тэжээж том болгоод ойд нь тавьж байсан сан” хэмээн тэрээр дурсав. 

“Биднийг хүүхэд байхад, манай аавыг анчин байх үед гөрөөс, буга согоо мал амьтан шиг л элбэг байлаа. Нийгмийн шилжилтийн үед гамгүй агнасны улмаас бараг амьтангүй болох дээрээ тулж, энэ газар нутгийг тусгай хамгаалалтад авсны хүчинд буцаж сэргэж байна” хэмээн нэмж хэллээ.

Түүний хамгаалдаг газар нутгийн хилээс хойш Саяны нуруу, Оросын нутагт асар уудам хүнгүй газар байна.  Нэгэнт  тусгай хамгаалалтад орж ан хийхгүй тайван болсон учраас Оросын энэ бүс нутгаас ч амьтад орж ирж суурьшиж, төрмөл амьтад бий болж байна. Хорьдол Сарьдагийг тусгай хамгаалалтад анх авахад 33 аргаль байсан бол хамгааллын үр дүнд тоо толгой нь өсөж 100 болж, өдгөө энэ бүс нутаг 160 гаруй аргальтай болжээ. Үүний зэрэгцээ ойн түймрийн эрсдэл ч маш их буурч байгаа. Тэнгис Шишгэдийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар сүүлийн 10 жилд ойн түймэр гараагүй байна. “Бид жилийн аль ч улиралд сард хамгийн багадаа 14 хоног тайгаар эргүүл, хамгаалалтад явж, камеруудыг өвлийн болон зуны байрлалд шилжүүлэх, хулгайн ан, түймрээс хамгаалах ажлыг тогтмол хийдэг.”

“Ер нь манай нутагт байхгүй ургамал, байхгүй амьтан гэж алга. Энэ олон янзын амьтан, ёстой л биологийн олон янз байдал хамтдаа нэг газарт амьдарч болдог тийм сонин хангай байна. Баавгай, хүдэр, буга, хандгай, аргаль, янгир, гахай, чоно бүгд нэг ууланд хамт амьдарч болдог онцлогтой тийм сайхан хангай шүү” дээ хэмээн Ш.Магсар нутаг ус, ажил мэргэжлээрээ бахархахаас биш тулгардаг бэрхшээл зовлонг огтхон ч цухуйлгасангүй.

Тайгын 1 га нь талын 10 га-тай тэнцэхээр бэрх бартаа саадтай байдаг аж. Тус тусгай хамгаалалтай газар нутгийн 30 гаруй байгаль хамгаалагч  сард хамгийн багадаа 14 хоног хээр хөдөө явах ажлын шаардлагаар хөр цасны хайруу, намар, хаврын хавсарга, зуны аагим халууныг үл ажран ажилладаг байна. Байгаль хамгаалагчид ийм хүнд нөхцөлд хамгааллын ажил үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ байгаль дэлхий, хүрээлэн буй орчин, экосистем хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг газар дээр нь байнга харж ажиглаж суудаг судлаачид гэж хэлж болно.  

Дархад нүүдэл

Раднаагийн Даваадалай

“Манай нутагт 3-4 сар гэхэд мал ногоо иддэг байсан бол одоо цаснаасаа салахгүй болсон. Өвөл цас их унаж, улам хүйтэрч хатуу ширүүн болж байна. Байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл ихсээд ойр ойрхон давтагдаж, нэг тийм хачин болсон шүү. Шаргын голын гүүрнээс урагших хэсэг тэр чигээрээ элс болох гээд байна” гэж тэрээр сэтгэл зовнин ярьж байлаа. 

Улаан Тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Шарга Хавхын голын ай сав газрыг хариуцсан байгаль хамгаалагч Ш. Магсар

НҮБХХ

Энэ бүхэнд өнөөгийн бидний амьдралын хэв маяг нөлөөлж байна. Малын тоо хэт ихсээд байгалийн өвс ургамал ургахгүй, байгаль өөрөө сэргэж чадахгүй болж байгаад хамаг учир байна. Ер нь байгалийн тогтоц, тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн амьдралын хэв маяг чинь хоорондоо зохицолдлоготой байсаар ирсэн юм гэж тэр тайлбарлалаа. “Нэгдлийн үед бол үхэр ховор, хонь голдуу байсан. Дархадын хотгорт ямаа гэж амьтан бараг байгаагүй юм. Угаасаа өвлийн хүйтэнд ямаа тэсдэггүй байсан даа. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо толгой тэр дундаа ямаа, адуу асар их өсөж бэлчээрийн талхлагдалд ихээр нөлөөлж өвс ургамал ургаж чадахаа больсон. Үүнээс л экосистемийн тэнцвэр алдагдаж, уур амьсгалын өөрчлөлтөд түлхэц болж байна гэж тэр үзэж байна. 

Ер нь байгалийн жам ёсыг хүн өөрсдөдөө тааруулж хүчээр өөрчлөх л хамгийн их хор хөнөөлтэй шүү гэдгийг олон жилийн туршлагатай хашир байгаль хамгаалагч хатуу анхааруулаад байгалийн нөөц ашигласны төлбөрөөс төвлөрч байгаа орлогыг байгаль хамгаалалд зарцуулах шаардлагатайг онцолж байв. Ялангуяа Дархадын хотгорын Ренчинлхүмбэ сум байгалийн таван төрлийн нөөцийн ашиглалттай нутаг бөгөөд 2023 онд газрын төлбөрөөс 5,7 сая, байгалийн ургамал, ус рашаан, ой түүний дагалт баялаг, ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс 145,4 сая төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн баталсан. Үүн дээр малын тоо толгойн албан татвар нэмэгдэнэ. Энэ бүх төлбөрийн орлогыг хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах, нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд ашиглах нь өнөөгийн биднээс гадна ирээдүйд үлдэх үр хойчид маань хэрэгтэй юм шүү. НҮБХХ-ийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга төслөөс БОАЖЯ, СЯ-ны дэмжлэгтэйгээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад орон даяар анхаарч ажиллаж байгаад маш их талархаж явдаг. Сумын төсөвт төвлөрсөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалд ч багагүй хөрөнгийг шийдвэрлэсэн туршлага манай нутагт байна. Цас зуд их болсон энэ үед байгалийн зэрлэг амьтны хамгаалалд сүүлийн үед ашиглах болсон биотехникийн арга хэмжээ нь аргагүй нөхцөл байдалд амьтныг хамгаалах, авч үлдэх арга хэмжээ мөн гэдэгтэй хэн ч маргахгүй ч хээрийн амьтныг өвс тэжээл, долооц зэргээр хавтгайруулан тэжээх нь алсдаа зэрлэг амьтдын амьдрах чадварт маш муугаар нөлөөлнө гэж бодож явдгаа ч хэллээ.   

“Байгалийн амьтан байгалиараа амьдарч байхад хүний үнэр, машин техникийн үнэрт дасгаад идэш тэжээл оруулж, бэлэнчлэх, юманд сургах хамгийн буруу. Сүүлд хүн гэдэг амьтан идэш өгөхгүй бол амьдарч чадахгүй болно. Зэрлэг гахай гэхэд л хорголжин тэжээл нэг идвэл салахаа байдаг амьтан. Юм ганц бидний үеэр дуусахгүй. Биотехникийн арга хэмжээ тухайн үедээ л амьтны амийг аврах зайлшгүй тохиолдолд хэрэглэх арга болохоос урт хугацаандаа, алсдаа амьтны байгальд амьдрах чадварыг сулруулах эрсдэлтэй болохыг өнөөгийн бид анхаарах нь зүйтэй хэмээн тэр ярьсан юм. 

 

Лундаагийн Цэрэнням: Монгол дахь НҮБХХ-ийн Биологийн олон янз байдлын санхүүжилийн санаачилга төслийн үндэсний зохицуулагч

Эрдэнийн Эрдэнэчимэг: Монгол дахь НҮБХХ-ийн “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн мэдээлэл, харилцааны мэргэжилтэн

Зургийг: Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүх; Улаан Тайгын УТХГ-уудын Хамгаалалтын Захиргаа, Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагч Раднаагийн Даваадалай; НҮБХХ-ийн Биологийн олон янз байдлын санхүүжилийн санаачилга төслийн зохицуулагч Лундаагийн Цэрэнням.