Сангийн яам ба Европын Холбоо Монгол Улсад төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх төслийг эхлүүллээ

April 14, 2026
UNDP Mongolia

Улаанбаатар, 2026 оны 4-р сарын 14. Европын Холбоо болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Монгол Улсад бодлого, үр дүнд чиглэсэн төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх” Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам Европын Холбоо (ЕХ)-той хамтран төрийн санхүүгийн удирдлагын шинэчлэлийг дэмжих шинэ төслийг албан ёсоор эхлүүллээ. Төслийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хамтран хэрэгжүүлнэ. 

2026–2029 онд хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсын төрийн санхүүгийн удирдлагын шинэчлэлийг дараагийн шатанд гаргаж, төсвийн төлөвлөлт, төсвийн зарцуулалтын үр ашиг, ил тод байдал, орлого бүрдүүлэлт, төсөв, санхүүгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулахын зэрэгцээ Алсын хараа–2050 болон хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдсан, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д нийцсэн төсөвлөлтийг хөгжүүлэхэд чиглэж байна.

UNDP Mongolia

МУ-ын Сангийн сайд З.Мэндсайхан арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Сангийн яам энэхүү шинэчлэлийн үйл явцыг манлайлан хэрэгжүүлж, төсвийн төлөвлөлт, үр дүнд чиглэсэн төсөвлөлт, эрсдэлийн удирдлага, төсвийн гүйцэтгэлийн тайлагналын тогтолцоог улам боловсронгуй болгоход онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно” хэмээн тэмдэглэв. 

Европын Холбооны санхүүжилттэй тус төслийг Сангийн яамны удирдлага дор НҮБХХ тэргүүлэн хэрэгжүүлэх ба ингэхдээ Эдийн засаг, хөгжлийн яам, Татварын ерөнхий газар, салбарын яамд болон зорилтот орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана. Мөн ДЭМБ нь эрүүл мэндийн салбарын төсөвлөлт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран хэрэгжүүлэх юм.

МУ-ын Сангийн сайд З.Мэндсайхан

НҮБХХ

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните онцлон хэлэхдээ, “Үр дүнтэй төрийн санхүүгийн удирдлага бол сайн засаглалын гол тулгуур юм. Энэ нь нөөцийг стратегийн түвшинд зөв хуваарилж, үр ашигтай, ил тод байдлаар зарцуулах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй иргэдийн төрд итгэх итгэл, мөн хөрөнгө оруулагчдын эдийн засагт итгэх итгэлийг бэхжүүлдэг” гэв. 

Энэхүү санаачилга нь 2020–2024 онд Европын Холбооны санхүүжилттэйгээр хэрэгжиж, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн чухал шинэчлэлийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслийн үр дүн, ололт амжилтад тулгуурлаж байгаа бөгөөд Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлж, төсвийн зарцуулалтын чанар, ил тод байдал, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэх юм.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните

НҮБХХ

ДЭМБ‑ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскаланте энэхүү өндөр ач холбогдол бүхий төсөлд ДЭМБ хамтран ажиллах болсондоо Европын Холбоо, НҮБХХ, Сангийн яаманд талархал илэрхийлж, эрүүл мэндийн салбарт тогтвортой үр дүнд хүрэхэд төрийн санхүүгийн удирдлагын тогтолцооны ач холбогдлыг онцлон тэмдэглэв. “Төрийн санхүүгийн удирдлагын бат бэх тогтолцоо нь эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг чиглүүлж, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулах суурь үндэс юм. Энэхүү xамтарсан төслийн хүрээнд ДЭМБ нь НҮБХХ болон Засгийн газартай хамтран эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн стратегийг бэхжүүлэх, төсвийн зарцуулалтыг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулах, мөн эрүүл мэндийн тэгш бус байдлыг бууруулахаар тууштай ажиллах болно.”

ДЭМБ‑ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскаланте

НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “Хүчтэй төрийн санхүүгийн удирдлага нь тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч бөгөөд Засгийн газарт бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг иргэдийн сайн сайхан байдал болон эх дэлхийд ээлтэй, үр өгөөжтэй бодит үр дүн болгон хэрэгжүүлэх боломжийг олгодог” хэмээн онцлон тэмдэглэв. 

Төслийн хүрээнд дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бэхжүүлэх, төв болон орон нутгийн түвшинд үр дүнд суурилсан төсөвлөлтийг сайжруулах, төсвийн эрсдэлийн удирдлага болон мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх, төсвийн орлого бүрдүүлэлт, татварын бодлогын чадавхыг нэмэгдүүлэх, мөн олон улсын татварын ил тод байдлын стандартуудын хэрэгжилтийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн сонгогдсон яамд болон орон нутгийн түвшинд үр дүнд суурилсан төсөв боловсруулах, үнэлэх аргачлалыг хэрэгжүүлэх замаар ТХЗ-той уялдсан төсөвлөлтийг институцчилахад дэмжлэг үзүүлнэ.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска

НҮБХХ

Европын Холбооны тухай 

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

ДЭМБ-ын тухай 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь дэлхийн нийтийн эрүүл мэндийн асуудлыг дэмжин ажилладаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын агентлаг юм. ДЭМБ нь эрүүл мэндийн зохих стандартыг хүн бүрд хүртээмжтэй болгох зорилгоор түнш байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн онц байдлын үед хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг.

Холбоо барих: 

Б.Хулан | НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org