НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”-өөс Монгол Улсад зудын эсрэг хариу арга хэмжээ авахад тусламж үзүүлж байна

March 12, 2024
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 3-р сарын 14 - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед зудын нөлөөг бууруулах үүднээс хүнд нөхцөлд буй малчдад тусламж үзүүлэх, зудын нийгэм эдийн засгийн үр нөлөөллийн судалгаа хийж цаашид байгалийн гамшигт бэлэн байдлыг хангах бодлого боловсруулах, шаардлагатай өөрчлөлт хийх чиглэлийг гаргахад зориулж 50,000 ам.долларын дэмжлэгийг үзүүлж байна. 

Энэ хүрээнд Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн зудад өртсөн, эрсдэл бүхий зарим сумдын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг эхлүүлж байгаа бөгөөд НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска болон Ховд аймгийн Засаг дарга Э. Болормаа нар тусламжийн хүргэлтийг Ховд аймгийн Үенч сумын зудад өртсөн малчин өрхөд хүргэлээ. 

2024 оны өвлийн зудын нөхцөл байдал нь байгалийн онц ноцтой гамшгийн хэмжээнд хүрч, нийт нутаг дэвсгэрийн 90 хувийг хамарч, 190 мянга орчим малчин айл өрхийн хувьд малын хорогдол их, тэжээлийн нөөц хүрэлцээгүй байгаагаас гадна амьжиргаа нь хүнд нөхцөл байдалд хүрээд байна.

НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хүнд хэцүү цаг үеийг даван туулахад хамтын ажиллагаа чухлыг онцлоод "Монгол малчид тэсвэр тэвчээртэй, аливаа хүндрэлийг даван туулах чадвар сайн боловч энэхүү хатуу ширүүн зудын сөрөг нөлөөтэй тэмцэхэд дэмжлэг зайлшгүй шаардлагатай. НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон иргэдийн итгэлт түншийн хувьд энэ хүнд хэцүү цаг үеийг даван туулахад Монгол Улсад тууштай дэмжлэг үзүүлэх болно. Энэхүү дэмжлэг нь дэлхий дахинд гамшгийн нөхцөлд буй улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн үндэсний хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; ирээдүйд учирч болзошгүй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн нөлөөллийг даван туулах чадварыг бэхжүүлэх үйл ажиллагааны нэгэн хэсэг юм” гэв.

Түүнчлэн уг дэмжлэг нь Монгол дахь НҮБХХ-ийн уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадвар, чадавхыг бэхжүүлэх, малчдын амьжиргаа, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтын нэг хэсэг юм. 

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Дэлгэрэнгүйг www.undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org