Эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчныг нэвтрүүлэх чиглэлээр өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа

May 19, 2026

Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 19. НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөр, Эрчим хүчний яам хамтран “Эрчим хүчний салбарт Зохицуулалтын туршилтын орчныг нэвтрүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулж, Монгол Улсын эрчим хүчний шилжилт болон тогтвортой дэд бүтцийн хөгжлийг дэмжих уян хатан, инновацид ээлтэй зохицуулалтын талаар хэлэлцлээ. Зохицуулалтын туршилтын орчин бол инновацлаг шийдлүүдийг тодорхой хугацаанд, хяналттай нөхцөлд турших боломж олгодог механизм юм. Энэ нь шинэ технологи, шийдлүүдийг бодитoор туршин, нотолгоонд суурилсан бодлого, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэрэглэгч болон нийтийн эрх ашигт нийцсэн тогтолцоог бий болгох боломжийг бүрдүүлдэг. 

Тус арга хэмжээг Азийн Тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр (SIPA)-ийн хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-тай хамтран, ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI)-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, нийслэлийн засаг захиргаа, эрдэм шинжилгээний байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарт Зохицуулалтын туршилтын орчин бий болгох боломж, эрх зүйн үндэс, хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэхийн зэрэгцээ SIPA хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан судалгааны үр дүнг танилцууллаа. Уг судалгаанд олон улсын туршлагыг харьцуулан шинжилж, Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүй, зохицуулалтын орчныг үнэлэн, инновацлаг эрчим хүчний шийдлүүдийг турших боломжит арга хандлагуудыг санал болгосон байна. 

Арга хэмжээний үеэр Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа: “Зохицуулалтын туршилтын орчин нь шинэлэг технологиудыг турших, Монгол Улсад илүү уян хатан, хэрэглэгч төвтэй, хүртээмжтэй эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд чухал хэрэгсэл болж чадна. Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Эрчим хүчний яам нь эрчим хүчний салбарын шинэчлэлийг урагшлуулах, цэвэр эрчим хүчний инноваци болон хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно” хэмээн тэмдэглэв.

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг урагшлуулахад дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон ирээдүйд чиглэсэн уян хатан зохицуулалтын орчин нэн шаардлагатай байгааг панел хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Түүнчлэн зохицуулалтын туршилтын орчны аргачлалууд нь иргэд, орон нутагт бодит үр өгөөж авчрах ёстойг тэмдэглэж, үүнд илүү цэвэр халаалтын шийдлүүдийг нэвтрүүлэх, агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний найдвартай байдал болон хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг, ялангуяа орон нутгийн түвшинд, онцгойлон авч үзэх шаардлагатайг дурдсан юм.

Speaker at a lectern at a conference stage with two flags and an audience.

Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газрын дарга Удо Вебер: “Германы Засгийн газар Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих бодитой, ирээдүйг харсан арга хандлагуудыг хөгжүүлэх хүчин чармайлтыг дэмжиж байгаадаа баяртай байна. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд, зохицуулагчид, хөгжлийн түншүүд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой” хэмээн онцлов. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: ““НҮБХХ-ийн хувьд уян хатан, ирээдүйг харсан зохицуулалтын арга хандлагыг дэмжих нь Монгол Улсад эрчим хүчний тэгш, ногоон шилжилтийг урагшлуулах өргөн хүрээтэй түншлэлийн чухал хэсэг юм. Зохицуулалтын туршилтын орчин нь эрчим хүчний шинэлэг шийдлүүдийг бодит нөхцөлд туршихын зэрэгцээ нотолгоонд суурилсан, үе шаттай бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг” хэмээн тэмдэглэлээ.

Photograph of a man in a suit speaking at a UN podium during a workshop.

ЭЗХАХБ-ын Глобал харилцааны газрын Евразийн хэлтсийн дарга Уильям Томпсон хэлэхдээ: “ЭЗХАХБ нь эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжих хүрээнд зохицуулалтын туршилтын орчины чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Олон улсын туршлагаас харахад энэ нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загваруудыг хяналттай нөхцөлд турших боломж бүрдүүлэх замаар инновацид ээлтэй зохицуулалтын орчныг бий болгоход Засгийн газруудын ашигладаг гол арга хэрэгслүүдийн нэг юм. Энэ утгаараа зохицуулалтын туршилтын орчин нь Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжиж, илүү цэвэр, инновацлаг эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв. 

Хэлэлцүүлгийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд үүнд хууль эрх зүй, зохицуулалтын нарийвчилсан шинжилгээ хийх, зохицуулалтын туршилтын орчны үзэл баримтлал болон техникийн хүрээг боловсруулах, институцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтуудыг өрнүүлэх, мөн Монгол Улсын эрчим хүчний шилжилт болон тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих туршилтын төслүүдийг тодорхойлох асуудлууд багтаж байна.

Conference room full of attendees facing a speaker at a podium with a large screen and flags.

SIPA хөтөлбөрийн тухай 

Азийн Тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр (SIPA) нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, бага ялгаруулалттай дэд бүтцийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалтын орчныг бэхжүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад SIPA хөтөлбөр нь тогтвортой дэд бүтцийн засаглалыг сайжруулах, уур амьсгалын зорилттой уялдсан төлөвлөлтийг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтийн бодлогын чиглэлүүдийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж байна. SIPA хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хамтран санхүүжүүлдэг. 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Холбоо барих

Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org