Монгол Улс болон БНСУ-ын нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг дэмжих хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зохион байгууллаа

May 12, 2026
Audience seated in rows in a spacious conference hall, facing a stage with a large screen.
UNDP Mongolia

Улаанбаатар хот, 2026 оны 5-р сарын 13 “Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ) хоорондын нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааны боломжуудыг нээх нь” сэдэвт хоёр өдрийн сургалт, арга хэмжээ Улаанбаатар хотноо болж, Монгол-БНСУ хоорондын нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааны талаарх хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд, олон улсын түншүүд оролцлоо. 

Тус сургалт-хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), БНСУ-ын Байгаль орчны корпораци болон БНСУ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Энэ нь Монгол Улсын үндэсний онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн зах зээлийн механизм, хүлэмжийн хийн тооллогын менежмент, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт (MRV)-ын тогтолцоог боловсруулах, нүүрстөрөгчийн кредитийг баталгаажуулах үйл явц, засаглал зэрэг техникийн асуудлуудыг хэлэлцэж, туршлага солилцох индэр боллоо.

Арга хэмжээ нь 100 гаруй оролцогчдыг хамруулсан бөгөөд бодлогын асуудлууд, институцийн бэлэн байдал, бодит туршлага, судалгаануудад төвлөрч, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой боломж, сорилтуудын талаар төр, хувийн хэвшлийн оролцогч талууд хоорондоо санал солилцов. 

Арга хэмжээг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Т.Сандаг-Очир хэлэхдээ: "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэйгээ уялдуулан эрчимжүүлэх үүрэг хүлээж байна. Бид уур амьсгалын зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд зах зээлд суурилсан хандлагуудыг авч үзэж байгаа энэ үед бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, олон улсын, тэр дундаа БНСУ-ын туршлагаас суралцах нь нэн чухал юм" хэмээн онцлов.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон: "БНСУ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, тогтвортой хөгжлийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллахыг өндрөөр үнэлдэг. Энэхүү сургалт-хэлэлцүүлэг нь туршлага хуваалцах, ойлголтоо гүнзгийрүүлэх, мөн цаашид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүчин чармайлт, хамтын ажиллагааны чиглэлийг судлах чухал боломж болж байна" хэмээн онцлон тэмдэглэв.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска: "Нүүрстөрөгчийн зах зээл нь нарийн төвөгтэй бөгөөд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул мэдээлэлд суурилсан, хүртээмжтэй яриа хэлэлцээ маш чухал байдаг. НҮБХХ нь хэлэлцүүлгийг Монгол Улсын үндэсний тэргүүлэх чиглэл, институцийн нөхцөл байдалтай уялдуулахын зэрэгцээ дэлхий нийтийн туршлагад үндэслэн Монголын оролцогч талууд болон БНСУ-ын түншүүд хоорондын энэхүү туршлага солилцох үйл ажиллагааг дэмжиж байгаадаа таатай байна" хэмээн цохон тэмдэглэв. 

Энэхүү сургалт-хэлэлцүүлэг нь бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдлэг хуваалцах үйл явцыг дэмжихийн сацуу олон улсын уур амьсгал болон нүүрстөрөгчийн зах зээлийн хэлэлцүүлэгт оролцох Монгол Улсын бэлэн байдлыг нэмэгдүүлэх өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг юм. Үндэсний оролцогч талууд болон олон улсын түншүүдийг нэгтгэснээр уг арга хэмжээ нь нүүрстөрөгчийн зах зээлтэй холбоотой ойлголтууд, бодлогын асуудлууд, институцийн тогтолцооны талаарх нэгдсэн ойлголтыг бий болгоход хувь нэмрээ оруулж, Монгол Улсын хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалын бодлогын орчинтой уялдсан хүртээмжтэй хэлэлцүүлгийг дэмжлээ.

НҮБХХ-ийн тухай 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Xөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, эрсдэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг НҮБ‑ын тэргүүлэх байгууллага юм. НҮБХХ нь дэлхийн 170 гаруй улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран хүн, байгальд ээлтэй, тогтвортой, урт хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлдэг.

Холбоо барих

Б.Хулан | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org