“Дараагийн их ялгарал” тайланг танилцуулж, Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг хэлэлцлээ

January 12, 2026
Photo: audience in a conference hall watching a large screen presentation; flags on stage.
НҮБХХ

Улаанбаатар, 2026 оны 1 сарын 12 —  Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн нийтэлсэн "The Next Great Divergence" тайлангийн нээлт болон Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын талаар хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа.  

Photo shows two suited professionals walking past seated attendees in a conference hall.
НҮБХХ

Тус тайланд хиймэл оюун нь бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асар их боломжийг агуулж буй ч дэд бүтэц, ур чадвар, засаглалын чадавх жигд бус нөхцөлд улс орнуудын хоорондын ялгааг улам гүнзгийрүүлэх бодит эрсдэлтэйг онцолсон байна. Тайланд энэхүү эрсдэлийг “Дараагийн их ялгарал”  хэмээн тодорхойлж, хиймэл оюуныг нэвтрүүлэх бодлогын өнөөгийн сонголтууд ирээдүйн хөгжлийн чиглэлийг шийдвэрлэх чухал мөчид ирснийг дурджээ. 

Two copies of The Next Great Divergence on a wooden table.
НҮБХХ

Арга хэмжээний нээлтийн үеэр НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска хиймэл оюуны хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар онцлон “Хиймэл оюун асар хурдтай хөгжиж байгаа хэдий ч олон улс орон түүний үр өгөөжийг хүртэх суурь бүтэц, ур чадвар, засаглалын тогтолцоог бүрдүүлж амжаагүй байна. Ийм тэнцвэргүй байдал нь хөгжлийн зөрүүг улам тэлэх бодит эрсдэл дагуулж байна” хэмээн тэмдэглэлээ.  

НҮБХХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар Монгол Улсын баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, “Хиймэл оюуныг хүмүүсийг орлох хэрэгсэл бус, харин хүний сайн сайхны төлөө юу хийж, юу бүтээж болох боломжийг тэлэхэд чиглүүлэх нь бидний хамтын зорилго юм. Хиймэл оюуныг эрүүл мэнд, боловсрол, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд нэн тэргүүнд нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй,” хэмээн онцлон хэллээ. 

Man in suit speaks at a podium with UN emblem, blue backdrop, and UN flag.
НҮБХХ

Арга хэмжээний үеэр Монгол дахь НҮБХХ-ийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхадзаев “Дараагийн их ялгарал” сэдвээр илтгэл тавьж хиймэл оюуны хурдацтай хөгжил нь улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн ялгаатай нөлөө үзүүлж буйг тайлбарлалаа. Харин Монгол Улсын хувьд хиймэл оюуныг эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болгохын зэрэгцээ нийгмийн тэгш бус байдлыг бууруулах бодлогыг баримтлах шаардлагыг онцлов.  

Conference room photo: attendees watching a presentation on a large screen, flags by the stage.
НҮБХХ

Мөн “Хүртээмжтэй хөгжилд хиймэл оюун: Даян дэлхийн эрсдэлээс дотоодын шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө, технологийн инновац, мөн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, сорилтууд болон боломжийн талаар хэлэлцлээ.  

Five panelists seated on stage at a conference, blue backdrop with circular portrait icons.
НҮБХХ

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс хиймэл оюуныг хэнийг ч орхигдуулахгүй, хүн төвтэй хөгжлийн зарчимд тулгуурлан нэвтрүүлснээр “Дараагийн их ялгарал”-аас зайлсхийх бодлогын шийдлүүдийг олон талт оролцоотойгоор хэлэлцсэн чухал талбар боллоо. 

Photograph: conference attendees seated at tables with nameplates in a large hall.
НҮБХХ

Б. Индра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, indra.boldsukh@undp.org 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.