Эдийн засаг, хөгжлийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсад тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх хэлэлцүүлэг зохион байгууллаа
May 21, 2026
Улаанбаатар хот, 2026 оны 5-р сарын 21 – НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI)-ын санхүүжилттэй, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-тай түншлэн хэрэгжүүлж буй “Азийн тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр” (SIPA)-ийн гол үр дүнг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төрийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын дэд бүтцийн төлөвлөлт болон улсын хөрөнгө оруулалтын үйл явцад уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн асуудлуудыг илүү үр дүнтэй тусган хэрэгжүүлэхэд анхаарлаа хандууллаа. Оролцогчид уур амьсгал, байгаль орчин, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийг эдгээр үйл явцад цогцоор нь тусгах нь нотолгоонд суурилсан, ил тод, тогтвортой шийдвэр гаргалтыг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн төлөвлөлтийг урагшлуулахад онцгойлон анхаарч байна. SIPA хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг бэхжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, мөн уур амьсгалд нийцсэн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал зөвлөмж, судалгаа, практик аргачлалуудыг боловсруулсан” хэмээн онцлон тэмдэглэв.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц: “ХБНГУ нь тогтвортой дэд бүтэц болон уур амьсгалын чиглэлээр Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа өндөрөөр үнэлдэг. SIPA хөтөлбөрөөр дамжуулан урт хугацааны төлөвлөлтийг бэхжүүлэх бодит шийдлүүдийг дэмжих, мөн Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийн замнал руу шилжихэд дэмжлэг үзүүлэх хэлэлцүүлэг, олон талт түншлэлийг дэмжиж байгаадаа бид баяртай байна” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр SIPA хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан гол үр дүн, зөвлөмжүүд болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны замын зураглал, дэд бүтцийн удирдлага төлөвлөлт, нүүрстөрөгч бага ялгаруулах тээвэр, сэргээгдэх устөрөгчийн хөгжил, тогтвортой дэд бүтцийн үнэлгээний аргачлал, мөн уур амьсгалын зорилтуудтай нийцсэн дэд бүтцийн санхүүжилтийн чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцуулж, улмаар эдгээр арга хэрэгсэл, арга хандлагуудыг цаашид хэрхэн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “SIPA хөтөлбөрийн нэгэн чухал хувь нэмэр бол урт хугацааны бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг бодитоор хэрэгжих боломжтой шийдлүүдтэй уялдуулахад дэмжлэг үзүүлсэн явдал юм. Энэхүү түншлэлийн хүрээнд НҮБХХ нь Монгол Улсад уур амьсгалын зорилтуудтай нийцсэн дэд бүтцийн төлөвлөлтийг бэхжүүлэх, тогтвортой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын шинэлэг арга хандлагуудыг нэвтрүүлэх, мөн байгууллага болон салбар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн тэмдэглэлээ.
ЭЗХАХБ-ын Глобал харилцааны газрын Евразийн хэлтсийн дарга Уильям Томпсон: “SIPA хөтөлбөр нь дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтад цогц арга хандлага чухал болохыг тодорхой харууллаа. Цаашид дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг ахиулахын тулд бодлогын уялдаа, засаглалын тогтолцоо, урт хугацааны төлөвлөлтийн чадавхыг улам бэхжүүлэх шаардлагатай” хэмээн онцлов.
Хэлэлцүүлгээр SIPA хөтөлбөрийн үр дүнг урт хугацаанд тогтвортой хадгалж, цаашид үргэлжлүүлэхэд институцийн чадавхыг бэхжүүлэх, үндэсний манлайлал болон оролцоог хангах, салбар болон оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, мөн тус хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан арга хэрэгсэл, аргачлал, зөвлөмжүүдийг Монгол Улсын цаашдын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын тогтолцоонд үр дүнтэй нэгтгэх нь чухал гэдэг дээр оролцогчид санал нэгдлээ.
SIPA хөтөлбөрийн тухай
Азийн Тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр (SIPA) нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, бага ялгаруулалттай дэд бүтцийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалтын орчныг бэхжүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад SIPA хөтөлбөр нь тогтвортой дэд бүтцийн засаглалыг сайжруулах, уур амьсгалын зорилттой уялдсан төлөвлөлтийг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтийн бодлогын чиглэлүүдийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж байна. SIPA хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хамтран санхүүжүүлдэг.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org