Уур амьсгал, биологийн олон янз байдал болон жендэрийн хариуцлагатай төсвийн санхүүжилт, төсөвлөлтийн чиглэлээр чадавх бэхжүүлэв
March 18, 2026
Улаанбаатар, 2026 оны 3-р сарын 19. НҮБ ын Хөгжлийн хөтөлбөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Төсвийн санхүүжилтэд уур амьсгал, биологийн олон янз байдал болон жендэрийн уялдааг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0, Үндэсний дасан зохицох төлөвлөгөө болон Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2030)-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд өмнөх чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд тулгуурлан хөдөө аж ахуйн салбарт уур амьсгал, биологийн олон янз байдлын төсөвлөлтийг жендэрийн хариуцлагатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэхэд шаардлагатай практик арга зүй, мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэв. Сургалтыг НҮБХХ-ийн СКАЛА, BIOFIN II болон Хүнсний тогтолцооны өөрчлөлтийн төслүүд зохион байгуулсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэхдээ: “Уур амьсгал, биологийн олон янз байдал, жендэрийн асуудлыг төсвийн санхүүжилтэд тусгах нь хүнс, хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ сургалтаар яамд болон аймаг, орон нутаг, төрийн байгууллагад уур амьсгалын эрсдэлийг бууруулах, биологийн олон янз байдлыг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд шаардлагатай арга хэрэгслүүдийг танилцууллаа.” гэв.
Сургалтад холбогдох яамд, орон нутгийн төрийн байгууллагууд, эмэгтэй фермерүүд, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөллийг багтаасан 40 гаруй хүн оролцлоо. Оролцогчид уур амьсгалын мэдрэмжтэй төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, уур амьсгал, биологийн олон янз байдал болон жендэрийн төсвийн тэмдэглэгээ, зардал-үр ашгийн шинжилгээ, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын төсөвлөлтийн талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
“Монгол Улсын эрсдлийг даван туулах чадавхыг сайжруулахад хүн болон байгаль аль алинд нь бодитой эерэг нөлөө үзүүлэх төсвийн санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай. Уур амьсгал болон жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийн чадавхыг бэхжүүлснээр уур амьсгалын амлалтууд, тэр дундаа Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0 зорилтууд бодит санхүүжилт бүхий үр нөлөөтэй үйл ажиллагаа болж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй иргэдэд хүрэх боломж нэмэгдэнэ.” хэмээн НҮБ ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао онцлов.
СКАЛА хөтөлбөрийн тухай
ҮТХН болон ҮДЗТ-ний зорилтыг Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг (СКАЛА) Германы Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны “Олон улсын уур амьсгалын санаачлага (IKI)”-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хэрэгжүүлж байна.
НҮБХХ-ийн тухай
Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Холбоо барих
Б.Хулан | Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, НҮБХХ | И мэйл: khulan.bayarsaikhan@undp.org