Нүүрснээс цэвэр эрчим хүч рүү: Нарны эрчим хүчээр халаалтаа шийдсэн Гантуяагийн түүх

January 23, 2025
a large ship in the background

Нүүрснээс цэвэр эрчим хүч рүү: Нарны эрчим хүчээр халаалтаа шийдсэн Гантуяагийн түүх

Гэрээсээ гараад хэдхэн алхахад л сормуус хөлдөх жавар тачигнасан, тэсгим хүйтэн өвлийн өдрүүд Улаанбаатарчуудын хувьд шинэ сорилт биш. Харин хоолой хорсгож, үзэгдэх орчин хязгаарлах аюултай түвшинд хүрээд буй агаарын бохирдол хамгийн тэргүүний асуудал бас бэрхшээл болоод буй.

Гэр хорооллын айл өрхүүд өвөлдөө даарч, хөрөхгүйн тулд сайжруулсан шахмал түлш түлж халаалтаа шийдэж буй ч энэ нь эргээд тэдний эрүүл мэнд, аж амьдралд сөргөөр нөлөөлсөөр буй. Харин энэ сорилтоо нарны эрчим хүчээр шийдээд буй гурван хүүхдийн ээж Гантуяа “Нүүрс түлдэг байхад гэрийн доторх утаа, тоосонцроос болж манай охины харшил байнга хөдөлдөг байсан” хэмээн хуваалцав.

Дулаан өвөлжихийн төлөөс

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү буюу 1.6 сая гаруй хүн амьдардаг бөгөөд үүний бараг тал нь өвлийн улиралд сайжруулсан шахмал түлшээр гэрээ халаадаг. Энэ нь хотын агаарын бохирдлын нэгэн томоохон эх үүсвэр болдог.

Агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зөвлөж буй аюулгүйн төвшнөөс 27 дахин их түвшинд заримдаа хүрч буй нь нийт иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, жил бүр ойролцоогоор 7,000 хүн гадаад, дотоод орчны агаарын бохирдлын нөлөөгөөр нас барж байгаа ба мөн агаарын бохирдол нь Монгол Улсын ДНБ-ний 10 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байна.  

“Хэн ч хотын нөгөө талд байгаа хүмүүсийг хордуулах гэж нүүрс түлдэггүй. Бидний амьсгалж байгаа зүйл бол утаа биш ядуурал” хэмээн Каннын кино наадамд нэр дэвшсэн “Баавгай болохсон” УСК-ны зохиолч, найруулагч П.Золжаргал ярилцлагадаа дурдаж байсан. 

Үнэхээр л 2022 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.1 хувьтай гарсан нь бараг гурван хүн тутмын нэг нь ядуу буйг илтгэж байна. Иргэдийн худалдан авах чадвар сул болон дэд бүтцийн дутмаг байдлаас үүдэн төвийн шугамд холбогдох боломжгүй зэргээс үүдэн олон тооны иргэд гэр хороололд шахмал түлсээр халаалтаа шийдэн амьдарч буй билээ. 

“Гэр орон тоос тортгоор дүүрэн, хүүхдүүдийн бие өвдөөд байхаар хүний сэтгэл зүй бас тэрийгээ дагаад их хямардаг” хэмээн Гантуяа хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн, “Намайг ажил, хичээлдээ явсан хойгуур манай хүү дүү нараа харах, галаа түлэх, нүүрс усаа авах зэрэг гэр орны ажлыг хийдэг байсан болохоор түүнд хичээл номоо давтах, гэртээ тав тухтай амрах цаг барагтаа л үлддэггүй байсан” гэлээ.   

Нүүрснээс цэвэр эрчим хүч рүү

a person standing in a parking lot

Төслийн үр шим хүртэгч Гантуяа

НҮБХХ

2024 онд Гантуяагийн гэр бүл цэвэр эрчим хүчинд суурилсан халаалтын системийг нэвтрүүлэх туршилтын төсөлд хамрагдсан нь тэдний амьдралд томоохон эерэг өөрчлөлтүүдийг авчирчээ. Төслийг БНФУ-ын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, URECA ХХК, болон Гэр өргөө ТББ хамтран хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт хотын гэр хорооллын 69 айл өрхөд тус шийдлийг нэвтрүүлээд байна. 

“Сэргээгдэх эрчим хүчинд шилжсэнээр олон өөрчлөлтүүд бий болсон. Манай гэр дулаан, тав тухтай болж, үнс тоосонд дарагдахаа болилоо. Хүү маань хичээл, номоо давтах цагтай болж, том охины маань харшил намдаж, арьс нь илүү цэвэрхэн болж байгаа” хэмээн Гантуяа хэлэв.  

Тэрээр үргэлжлүүлэн, цэвэр эрчим хүч нь дан ганц эрүүл мэнд төдийгүй шахмал түлш авах, зөөх мөнгө, цаг хугацааг хэмнэж, олон талаараа ашигтай байгааг дурдлаа. Мөн тэрээр, “Зуны улиралд манайх гэрийнхээ бүх цахилгааны хэрэгцээг сэргээгдэх хүчээр хангасан” хэмээн онцлов. 

Гантуяа төслийн зүгээс сар бүр зохион байгуулдаг сургалтуудад тогтмол хамрагдаж байгаа ба эдгээрх сургалтуудаас санхүү, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллын тухай мэдлэг ойлголтоо тогтмол нэмэгдүүлж байгааг хэллээ. 

a man and a woman posing for a picture

Төслийн хүрээнд зохион байгуулсан гэр бүлийн өдөрлөг

НҮБХХ

Төслийн хүрээнд зохион байгуулж буй тус сургалтууд нь сэргээгдэх эрчим хүчний талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, зан үйлийн өөрчлөлтийг бий болгохын зэрэгцээ эмэгтэйчүүдийг нийгэм, олон нийтийн хөгжилд гар бие оролцох боломжоор хангаж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихэд ч чухал үүрэг гүйцэтгэж байна. 

Шийдлийг тэлэх арга зам

a group of people sitting at a beach

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт хотын гэр хорооллын 69 айл өрхөд цэвэр эрчим хүчний халаалтын системийг нэвтрүүлж, нүүрсний хамаарлыг бууруулж, агаарын чанарыг сайжруулахад дэмжлэг болж байна.

НҮБХХ

Туршилтын төсөл хэрэгжсэнээр айл өрхүүдийн нүүрсний хэрэглээ багасаж, амьдралын чанар сайжирсан олон чухал өөрчлөлтүүд гарч байна. 2025 онд төслийн цар хүрээг өргөжүүлэн, Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд тус шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 

Мөн, төслийн хүрээнд нарны эрчим хүчний систем суурилуулсан айл өрхүүд илүүдэл эрчим хүчээ борлуулж, нэмэлт орлого болгон хувиргах боломж бололцоог судалж байна. Энэхүү тогтолцоо бий болсноор ойр орчмын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй, айл өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой. 

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-эрдэнэ, Сангийн сайд Б. Жавхлан, болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны төлөөлөл мөн төслийн үйл ажиллагаатай биечлэн очиж танилцсан нь тус төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйг илтгэж байна.

Гантуяагийн түүх бол цэвэр эрчим хүч нь иргэдийн амьдралыг хэрхэн өөрчилж, хувь хүмүүс өөрсдөө тогтвортой, ногоон ирээдүйн манлайлагч болох боломжтойг харуулж буй сайн жишээ юм. Монгол Улс тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд онцгой анхаарч буй энэ үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр түнш байгууллагуудтайгаа хамтран тус шилжилтийг тууштай дэмжин, жижиг ахиц дэвшлээс томоохон өөрчлөлтийг бий болгоход анхааран ажиллах болно.

“Утаагүй Улаанбаатарын төлөө хамтдаа алхъя” хэмээн итгэл дүүрэн өгүүлэх Гантуяагийн эрч хүч, шийдэмгий байдал нь түүний гэрийг нь гэрэлтүүлж, дулаанаар хангах нарны эрчим хүч шигээ л дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тусах итгэл найдварын туяа юм. 

***

Төслийн тухай 

Энэхүү төсөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт, ногоон эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний дэмжлэгийн нэгэн хэсэг юм. Тус төсөл нь Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх байдлаар жендэрийн тэгш байдлыг дэмжиж байна. Түүнчлэн, сэргээгдэх эрчим хүчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.  Төслийг БНФУ-ын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, URECA ХХК, болон Гэр өргөө ТББ хамтран хэрэгжүүлж байна. 

graphical user interface, website