Залуучуудыг өөрчлөлтийн манлайлагч болгон чадавхжуулах НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оюутан төлөөлөгч” хөтөлбөр нээлтээ хийлээ

April 16, 2025
Group photo of diverse participants at the launch of a professional program, in a conference setting.
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 4 сарын 16 – Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын Оюутан төлөөлөгч хөтөлбөр Монгол Улсад албан ёсны нээлтээ хийж, тогтвортой хөгжил болон үндэсний манлайлалд залуучуудын үүрэг, оролцоог онцоллоо.

Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй тус хөтөлбөрт Монгол Улсын Их Сургууль (МУИС), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) зэрэг таван их, дээд сургуулийн нийт 10 оюутан сонгон шалгаруулалтад тэнцэн оролцож байна.

2025 оны 3-р сараас 7-р сар хүртэл хэрэгжих “Оюутан төлөөлөгч” хөтөлбөр нь дэлхийн 30 гаруй улс оронд нэгэн зэрэг хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь оюутан, залуучуудад Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, хөгжлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, түүнчлэн өөрсдийн санаачилгаар нөлөөллийн арга хэмжээ, аян зохион байгуулж, хөгжлийн үйл хэрэгт идэвхтэй оролцох боломжийг олгож буйгаараа онцлог юм. 

A speaker presents at the launch of the UNDP Student Ambassador Program in Mongolia.
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход залуучуудын үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, “Залуучууд бол ирээдүйн манлайлагчид. Тэд аль хэдийн дэлхий дахинд бодит өөрчлөлтүүдийг авчирч эхэлсэн. Монгол Улсад Оюутан төлөөлөгч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр бид эх дэлхий, нийгэм, ирээдүйнхээ төлөө санаа тавьдаг залуу үед хөрөнгө оруулж байна. Тогтвортой хөгжил, хүртээмжтэй байдал, шинэлэг шийдлийн манлайлагч болсон олон улсын залуучуудын сүлжээнд Монгол залуучуудыг нэгтгэж байгаадаа бид туйлын баяртай байна” гэв. 

Хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид олон улсын түвшинд ижил зорилготой залуучуудтай холбоо тогтоох, манлайллын ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хөгжлийн салбарын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Woman speaking on stage at an event launch, with flags and a presentation backdrop.
НҮБХХ

МУИС-ийн оюутан Ш. Цогзолмаа “НҮБХХ-ийн Оюутан төлөөлөгч байх нь зүгээр нэг цол хэргэм төдий зүйл биш. Энэ нь нийгэмдээ сайн сайхан өөрчлөлтийг бий болгох боломж. Хөтөлбөрөөр дамжуулан би бусад оюутнуудад тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдал, уур амьсгалын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, идэвхтэй оролцох урам зориг өгөхийг хүсэж байна. Оюутан хүний хувьд олон улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжтой болсондоо баяртай байна” хэмээн онцлов. 

Энэхүү хөтөлбөр нь хөгжлийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх НҮБХХ-ийн өргөн хүрээний зорилтын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд НҮБ-ын систем дэх карьер хөгжлийн боломж бололцоог таниулан сурталчлах зорилготой. Мөн залуус, дижитал инновац, ногоон хөгжлийг дэмжих Монгол Улсын үндэсний зорилтуудтай ч уялдаж байна.

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org