НҮБХХ, Даян дэлхийн байгаль орчны сан болон Монгол Улсын Засгийн газар “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг эхлүүллээ
April 28, 2026
Улаанбаатар, 2026 оны 4-р сарын 28. Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран, Даян дэлхийн байгаль орчны сангийн (ДЭМБС) санхүүжилтээр хотын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүлэмжийн хийн ялгарал багатай болгоход чиглэсэн “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хэрэгжүүлэхээр эхлүүллээ.
Таван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь хот төлөвлөлт, газар ашиглалт, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын үйл явцад уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, нийгмийн хүртээмжийн асуудлыг системтэйгээр тусгахад чиглэнэ. Төслийн хүрээнд хотын засаглалыг бэхжүүлэх, орон нутгийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, холимог санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлэл, ногоон хотын бонд зэрэг шинэлэг санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Ц. Сандаг-Очир хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар хотын хөгжлийг байгаль орчинд ээлтэй, нийгмийн хувьд хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй замаар чиглүүлэх бодлого баримталж байна. Энэ зорилгын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Үүний зэрэгцээ “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг эхлүүлж байгаа нь уг хууль батлагдсаны дараах хэрэгжилтийг бодитоор дэмжих, хот байгуулалт, хөрөнгө оруулалтад уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын асуудлыг цогцоор нь нэгтгэхэд чухал хувь нэмэр оруулна. Мөн үндэсний болон орон нутгийн түвшний уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна” хэмээн онцоллоо.
Тус төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн Дэлхийн тогтвортой хотуудын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэрэгжүүлж, НҮБХХ техникийн дэмжлэг үзүүлэн ажиллана. Төслийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарал багатай халаалтын шийдэл, ногоон тээвэр, үерийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээ, газрын доройтолд орсон 40,000 га газар нутгийн нөхөн сэргээлт зэрэг ажлыг дэмжинэ. Инновац, дижитал шийдэл, олон нийтийн идэвхтэй оролцоонд тулгуурласан энэхүү төсөл нь жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хотуудын урт хугацааны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна.
НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэхдээ, “Энэ төсөл нь хотын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийг сайжруулах замаар хөгжлийг ахиулах цогц арга барил, хандлагыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Бодлогын шинэчлэл, шинэлэг санхүүжилтийн меxанизм, оновчтой хөрөнгө оруулалтыг уялдуулснаар хотуудыг илүү амьдрахад таатай, тэгш хүртээмжтэй, эрсдлийг даван туулах чадвартай болгохын зэрэгцээ дэлхийн уур амьсгал, биологийн олон янз байдлын зорилтуудад бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцлов.
Хотын засаглал, хөрөнгө оруулалтын тогтолцоонд тогтвортой байдлыг нэвтрүүлэн энэхүү төсөл нь хүйтэн уур амьсгалтай, хурдацтай хотжиж буй орнуудад хэрэгжүүлэх боломжтой шилдэг туршлага, загвар, туршлагыг бий болгох юм.
Даян дэлхийн байгаль орчны сангийн тухай
Даян дэлхийн байгаль орчны сан (ДЭМБС) нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том олон талт санхүүгийн механизм юм. Тус сангийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаанууд нь дэлхийн тулгамдсан байгаль орчны асуудлуудыг уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд чиглэдэг. ДЭМБС-ийн санхүүжилт нь хөгжиж буй орнуудад олон улсын байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
НҮБХХ-ийн тухай
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, эрсдэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг НҮБ‑ын тэргүүлэх байгууллага юм. НҮБХХ нь дэлхийн 170 гаруй улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран хүн, байгальд ээлтэй, тогтвортой, урт хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлдэг.