НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн хэрэгжилтийг дэмжих төслийн хаалтын семинар боллоо
December 18, 2023
Улаанбаатар хот, 2023 оны 12 сарын 18 – НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн (ҮТХН) хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх Эн Ди Си төсөл”-ийн хаалтын семинарыг зохион байгуулж, төслийн гол үр дүнг дотоодын болон олон улсын түншүүдтэй хуваалцлаа.
Уг төслийг 2019 оноос НҮБХХ-ийн ҮТХН-ийн хэрэгжилтэд оролцогч орнуудад үзүүлэх олон улсын дэмжлэгийн хүрээнд ХБНГУ ба Испани улсуудын Засгийн газар болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын хувьд төслийг Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ҮТХН-ийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оролцоог хангасан суурь өөрчлөлтүүдийг барилга, зам тээврийн салбарт дэмжих зорилготой.
Хэдийгээр үйлдвэржилт өндөр хөгжөөгүй ч, 70 сая гаруй малтай, нүүрсэнд суурилсан эрчим хүчнээс ихээхэн хамааралтай Монгол Улсад нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал 11.51 тонн CO2-экв байгаа нь ижил төстэй хүний хөгжлийн индекстэй орнуудын дунд өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн Газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оны түвшинтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах ҮТХН-н зорилтыг 2019 онд шинэчлэн боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагаанд чухал анхаарал хандуулан ажиллаж байна.
Эн Ди Си төсөл нь энэхүү зорилтыг ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн Газарт дэмжлэг үзүүлэн ажилласан. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, нотлох цахим платформыг хөгжүүлснээр барилга, зам тээврийн салбарт ил тод байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлсэн. Эдгээр платформууд нь хүлэмжийн хийн ялгарлыг хянах болон бууруулах зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхэд цогц мэдээллээр хангах нөхцөлийг бий болгож байна. НҮБХХ нь нүүрстөрөгчийн үндэсний зах зээлийн тогтолцоог хөгжүүлэх замаар дээрх салбаруудад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Мөн төсөл нь оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнд үндэсний болон орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэх, уур амьсгалын үндэсний хороо болон түүний мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны удирдамжийн төслийг боловсруулах, орон нутагт ҮТХН-ийн зорилтын хэрэгжилтийг хариуцан ажиллах Зохицуулагч нарыг тодорхойлох зэрэг ажлууд орсон ба эдгээр нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цаашдын үйл ажиллагаанд суурь дэмжлэг болж өгсөн.
НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Хатагтай Лин Цао хаалтын семинарын үеэр оролцогч талуудад талархал илэрхийлэн, алсыг харсан арга барилын чухлыг онцолж, “Дэлхий дахинд улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед Монгол Улс нь аливаа боломж, сорилтуудад бэлэн байх шаардлагатай. Малтмал түлшнээс татгалзах, ҮТХН-ийн зорилтыг шинэчлэн боловсруулах, цэвдэг гэсэлтийг онцгойлон анхаарч энэ хүрээнд “алдагдал, хохирлын сан”-д хандах, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд цаашид хамтарч ажиллах саналыг дэвшүүлсэн. Монгол Улсын ҮТХН-ийн зорилтыг урт хугацааны хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хөгжлийн стратегитай уялдуулах нь нэн чухал. Ингэж чадвал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн илүү үр дүнтэй бодлогуудыг боловсруулах, нөөцийг илүү үр дүнтэй ашиглах нөхцөл бүрдэхээс гадна, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээтэй холбогдолтойгоор иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой” хэмээлээ.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг: О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org