Талуудын 17 дугаар бага хурлыг угтан “COP17 – Залуучуудын загвар хуралдаан”-ыг зохион байгуулав

March 4, 2026
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Улаанбаатар, 2026 оны 3-р сарын 4 – Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт 2” төслөөс цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор “COP17 – Залуучуудын Загвар Хуралдаан”-ыг санаачлан зохион байгуулж байна. 

Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг даргалан зохион байгуулах бэлтгэл хангагдаж буй энэ үед уг санаачилга нь залуусыг үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт утга учиртайгаар оролцоход шаардлагатай мэдлэг, ур чадвараар хангахад чигэлж байна.

COP17 – Залуучуудын загвар хуралдаан

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир хэлэхдээ: “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт зэрэг хоорондоо салшгүй холбоотой сорилтуудтай тулгарч байна. Эдгээр нь зөвхөн байгаль орчны асуудал бус, малчдын амьжиргаа, хүнс, усны аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг. UNCCD COP17-г зохион байгуулах нь бидний туршлага, уламжлалт мэдлэгийг олон улсад түгээж, газрын нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн талаар дэлхийн хэлэлцүүлгийг манлайлах түүхэн боломж юм. COP17 - Загвар Хуралдаан нь залуусыг олон улсын хэлэлцээнд идэвхтэй оролцох, нотолгоонд суурилсан бодлогын шийдэлд хувь нэмэр оруулахад шаардлагатай чадвар, дуу хоолой, өөртөө итгэх итгэлийг залуучуудад төлөвшүүлж буй чухал ач холбогдолтой санаачилга юм.” гэлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Хоёр өдрийн загвар хуралдаанд нийт 60 залуучууд хамрагдсанаас орон нутаг болон Улаанбаатар хотоос оролцсон төлөөлөл бараг тэнцүү байсан төдийгүй 67 хувь нь эмэгтэй оролцогч байлаа. Уг загвар хуралдаанд Монгол улсын өнцөг булан бүрээс төлөөлөл оролцсон ба уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудалд эмэгтэйчүүдийн манлайлал өндөр байгааг харуулж байна. Оролцогчид хоёр өдрийн турш улс орнуудын төлөөлөгчийн дүрээр, COP17-гийн бодит хэлэлцээний хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилт, газрын доройтол, ногоон санхүүжилт, технологийн шийдэл зэрэг үндсэн сэдвийн хүрээнд зөвшилцөлд оролцлоо.

“Энэхүү COP17 – Залуучуудын Загвар Хуралдаан нь газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлох залуусын хүсэл эрмэлзэл, манлайлал, инновацийг тод харууллаа. Энэ эрч хүч, зоримог сэтгэлгээ нь газрын нөхөн сэргээлт бол зөвхөн хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал бус, үе үеийн итгэл найдвараар тэтгэдсэн эрхэм зорилго гэдгийг харууллаа.” хэмээн Улаанбаатар дахь Их Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Софи Уорралл онцлон тэмдэглэв.

Улаанбаатар дахь Их Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Софи Уорралл

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Саидхаджаев хэлэхдээ: “Залуучууд бол уур амьсгалын үйл ажиллагааны ажиглагчид бус хамтран жолоодогчид юм. Энэхүү загвар хуралдаан болон Уур амьсгалын Movers хөтөлбөрөөр дамжуулан бид залуусын ур чадвар, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлж, тэднийг Монголын газар болон уур амьсгалын сорилтуудын талаарх хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлж байна. НҮБХХ нь түншүүдийн хамтаар залуучуудын үзэл бодол, хүсэл эрмэлзлийг тусгасан хүртээмжтэй, тэсвэртэй ирээдүйг бүтээх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж буйдаа бахархалтай байна.” хэмээв.

НҮБХХ-ийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Саидхаджаев

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Уур амьсгалын амлалт – 2 төслийн тухай 

Уур амьсгалын амлалт – 2 төсөл нь НҮБХХ ийн дэлхийн хэмжээний тэргүүлэх санаачилга бөгөөд улс орнуудын уур амьсгалын амлалтыг хэрэгжүүлэх үйл явцыг хурдасгах, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг сайжруулах, уур амьсгалын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад уг төсөл нь уур амьсгалын засаглалыг сайжруулах, залуучуудын манлайлал, UNCCD COP17 ын бэлтгэлийг дэмжихэд чиглэдэг.

НҮБХХ-ийн тухай 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Холбоо барих 

Хулан Баярсайхан | Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт | khulan.bayarsaikhan@undp.org