НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

April 10, 2026
UNDP Mongolia

Улаанбаатар хот, 2026 оны 4-р сарын 10. Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) “Нэн шаардлагатай эмийн худалдан авалт” төслийг хэрэгжүүлэх Төслийн баримт бичиг болон Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

“Нэн шаардлагатай эмийн худалдан авалт” төсөл нь гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Монгол Улсын эм ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, тэр дундаа гемофили өвчний амин чухал эмийн тасралтгүй нийлүүлэлтийг хангах зорилготой юм. Олон улсын чанарын стандартыг хангасан эмийн худалдан авалтыг хийснээр эмийн хангамж тасалдах эрсдэлийг бууруулж, орон даяар нэн шаардлагатай эмийн хүртээмжийн тогтмол, найдвартай байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.

UNDP Mongolia

“Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад нэн шаардлагатай эмийн нийлүүлэлт, хяналт, зохицуулалтыг сайжруулах бидний зорилтыг дэмжиж байна. НҮБХХ-тэй хамтран ажилласнаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн худалдан авалт, чанарын баталгаажуулалтын туршлагыг нэмэгдүүлж, амин чухал эмийн тасралтгүй нийлүүлэлтийг хангахад дэмжлэг үзүүлж байна” хэмээн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга, П.Алтанцэцэг онцлов.

Three people in an office meeting sit at a long table with papers and blue folders.
UNDP Mongolia

“Энэ төсөл нь дэлхийн хэмжээний ханган нийлүүлэлтийн сүлжээ, чадавхыг Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд ашиглах юм. Уг хамтын ажиллагааны хүрээнд НҮБХХ нь худалдан авалтын ил тод байдал, чанарын баталгаажуулалтыг бэхжүүлэх замаар эмийн хүртээмжийг сайжруулж, үндэсний эрүүл мэндийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах болно.” хэмээн НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска хэллээ. 

2026 оны 2-р сард НҮБХХ болон Эрүүл мэндийн яам хооронд байгуулсан эмийн салбарын чадавхыг бэхжүүлэх, нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлан энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд ЭЭХХЗГ нь төслийг хэрэгжүүлэх техникийн түншээр хамтран ажиллаж байна. Улмаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зорилтууд болон Тогтвортой хөгжлийн зорилго 3: Эрүүл мэндийг дэмжих зорилготой уялдан эрүүл мэндийн салбарын институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Seven adults pose for a group photo in an office with flags and framed portraits.
UNDP Mongolia

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 оронд түнш байгууллага, мэргэжилтнүүдийн өргөн хүрээт сүлжээтэйгээр хамтран ажиллаж, хүн бүр болон эх дэлхийн төлөө хөгжлийн цогц, урт хугацааны шийдлийг бий болгоход улс орнуудыг дэмжин ажилладаг. 

Холбоо барих 

Баярсайханы Хулан | НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org