НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Эрдэнэс Монгол Нэгдэл хамтран төрийн өмчит компаниудад Тогтвортой Хөгжлийн Зорилгын Нөлөөллийн Стандартыг нэвтрүүлж байна

June 19, 2025
UNDP Mongolia

Улаанбаатар хот, 2025 оны 6 дугаар сарын 19 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Эрдэнэс Монгол Нэгдэл хамтран “Тогтвортой нөлөөллийн төлөөх түншлэл” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн өмчит уул уурхайн тэргүүлэх компаниудын удирдлага оролцсон бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-д нийцсэн олон улсын туршлагыг төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа ТХЗ-ын Нөлөөллийн Стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн болно.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Нөлөөллийн Стандарт нь байгууллагуудын стратеги, засаглал, үйл ажиллагаанд тогтвортой хөгжил, ил тод байдал, урт хугацааны үнэ цэнийг нэвтрүүлэхэд чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм. Энэхүү стандарт нь байгууллагуудыг ТХЗ-тай уялдан ажиллаж, бодитой, хэмжигдэхүйц нөлөөлөл бий болгоход удирдан чиглүүлдэг.

Монгол Улсад төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд ялангуяа уул уурхайн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт болон төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. ТХЗ-ын Нөлөөллийн Стандартыг хэрэгжүүлэх нь төрийн өмчит компаниудыг тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн хөгжилд манлайлахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

A woman in a green suit speaks at a podium, with flags in the background and an audience visible.
НҮБХХ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн замнал эдийн засгийн хувьд тогтвортой байж, нийгмийн хариуцлагыг эрхэмлэж байх ёстой. Манай төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд тогтвортой, хүртээмжтэй, ирээдүйг угтсан эдийн засгийг бий болгох үйлсэд манлайлах үүрэгтэй юм. Тиймээс энэхүү цаг үеэ олсон санаачилгыг талархан хүлээн авч, төрийн өмчит байгууллагуудыг өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн зорилгын нөлөөллийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхийг уриалж байна” хэмээн онцоллоо.

A woman in a light suit speaks into a microphone, gesturing with her hand. Flags are in the background.
НҮБХХ

Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш. Мөнхцэрэн энэхүү хамтын санаачилгын ач холбогдлыг онцолж, “Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийн хувьд Эрдэнэс Монгол нь тогтвортой хөгжил, ил тод байдлыг төлөвшүүлэхэд манлайлан оролцох болно.  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын Нөлөөллийн стандартыг нэвтрүүлэх энэхүү цогц үйл ажиллагаа нь урт хугацааны үр нөлөөллийг бизнесийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, мөн төрийн өмчит бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд үлгэрлэх нэгэн чухал алхам болж байна” хэмээн тэмдэглэв. 

Тогтвортой бизнесийн загварууд нь ирээдүйн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй болохыг дэлхий нийтээр улам бүр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “Better Business Better World”  (2017) тайланд дурдсанаар, бизнесийн стратегийг тогтвортой хөгжилтэй уялдуулснаар 2030 он гэхэд 12 их наяд ам.долларын эдийн засгийн боломжийг нээж, 380 сая хүртэл ажлын байр шинээр бий болгох боломжтой гэж үзжээ. 

A woman speaks at a podium during a workshop, with blue presentation slides behind her.
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда ДимовскаТХЗ-ын Нөлөөллийн Стандартыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг тогтвортой, хариуцлагатай шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, мөн Тогтвортой хөгжлийн зорилгуудын биелэлтэд бодитой хувь нэмэр оруулахад нь туслах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан юм. Эдгээр стандарт нь төрийн өмчит компаниудын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үндэс сууринд тогтвортой хөгжил, хариуцлагыг нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцоллоо. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Эрдэнэс Монгол Нэгдэл нь Монгол Улсад хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр түншлэлийн замналаа эхлүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь гурван үндсэн чиглэлийг хамрах юм. Үүнд: Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG) болон Тогтвортой хөгжлийн зорилгын Нөлөөллийн стандартыг Эрдэнэс Монгол нэгдлийн шийдвэр гаргах бүхий л түвшинд нэвтрүүлэх; Хүртээмжтэй засаглал, талуудын идэвхтэй оролцоог дэмжих замаар харилцан итгэлцлийг бэхжүүлэх; Байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан ногоон шилжилтийг хурдасгах, түүгээрээ нэгдлийн үйл ажиллагаанд урт хугацааны тогтвортой байдлыг хангахад тус тус чиглэнэ.

***

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:

Э.Отгонбаяр | Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.