Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд залуус, хэвлэл мэдээллийн оролцоо чухал болохыг онцоллоо

December 10, 2024
a group of people posing for a photo
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 12 сарын 10 – Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хариуцлагатай бизнесийн төлөөх залуус, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх санаачилгыг эхлүүлээд байна. "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус болон хэвлэл мэдээлэл (ӨЭТ)" нэртэй тус төслийг “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриан дор тэмдэглэж буй Олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд зохион байгуулсан форумын үеэр танилцууллаа. 

Монгол, Малайз, Индонез болон Тайланд улсуудад хэрэгжиж буй тус төсөл нь “Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, Хүндлэх, Сэргээх механизмаар дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих нь” Азийн бүсийн хөтөлбөртэй уялдаж буй бөгөөд шинэлэг арга барилаар бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны хамгааллыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Форумын үеэр Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Бизнесийн салбарт ажиллаж буй залуус, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд арга хэмжээнд оролцож, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга туршлагаа хуваалцаж, санал солилцлоо. 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Энэ жил Европын холбоо, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байгаа билээ. Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү санаачилга нь хүний эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бидний хамтын хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг юм. Залуус, хэвлэл мэдээллийн чадавхыг бэхжүүлснээр бид бизнесийн үйл ажиллагаанд бодит өөрчлөлтүүдийг бий болгох боловсон хүчнийг бэлтгэж байна” гэв.

ӨЭТ санаачилгын хүрээнд хувийн хэвшилд ажиллаж буй залуучууд, хэвлэл мэдээллийн ажилтан, оюутнуудын бизнес ба хүний эрхийн чиглэлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тус сэдвийн хүрээнд сурталчлан мэдээлэх чадавхыг сайжруулах замаар бизнесийн үйл ажиллагааг НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмууд (НҮБУЗ)-тай уялдуулахаар зорьж байна. Санаачилгын хүрээнд хэвлэл мэдээллийн төлөөллүүдийн бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар хэвлэл мэдээллийн бүтээл гаргахад дэмжлэг үзүүлж, сургалт, семинаруудыг орж, хувийн хэвшлийн залуучуудыг өөрсдийн ажлын орчин, үйл ажиллагаа нь хүн, байгальдаа ээлтэй эерэг өөрчлөлт, санаачилгуудыг компанидаа хэрэгжүүлэх боломжоор хангах юм.

text, whiteboard
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хариуцлага бизнесийн үйл ажиллагаа нь дан ганц ёс зүйн асуудал төдийгүй, тогтвортой хөгжилд чиглэсэн томоохон алхам юм. Энэхүү төслөөр дамжуулан бид залуучууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих чадавхыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг хүний эрх, байгаль орчны олон улсын стандарт, хэм хэмжээнд нийцүүлэхээр зорьж байна” гэв. 

ӨЭТ санаачилга нь Европын Холбооны санхүүжилтээр бодлого боловсруулагчид болон бизнесийн салбарынхантай хамтран хүний эрхийг хүндэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд амжилттай хэрэгжиж дууссан “Бизнес ба Хүний эрх” Азийн бүсийн хөтөлбөрийн үргэлжлэл болон хэрэгжих юм. Арга хэмжээнд хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн 60 гаруй төлөөллүүд оролцож, хариуцлагатай бизнесийн үйл ажиллааг түгээн дэлгэрүүлж, урт хугацааны үр дүнг бий болгох уриалгад нэгдлээ. Иргэд, олон нийтийн дуу хоолойг бодлого, стратегитай уялдуулж чадсан цагт л тогтвортой эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшил бий болох боломжтойг оролцогчид онцолж байлаа. 

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org