Байгаль орчин, аялал жуулчлалын яам ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

December 27, 2023
НҮБХХ

Улаанбаатар хот, 2023 оны 12 сарын 27 - Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарсан шийдэл боловсруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 

Энэхүү ажлын хүрээнд хэрэгжих нэгэн чухал санаачилга нь тогтвортой арга барил, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг бий болгоход чиглэнэ. 

Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоог бий болгох нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход, хүлэмжийн хийг бууруулахад болон тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Уг тогтолцоог бий болгосноор нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг хянах, аж үйлдвэрийн салбарт байгаль орчинд ээлтэй, ногоон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх,  нүүрстөрөгчийн зээлийн арилжаагаар дамжуулан ард иргэд болон бизнесүүдэд эдийн засгийн үр өгөөжийг бий болгох боломжтой. 

НҮБХХ

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улсад эрчим хүчний хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарал бага, цэвэр эрчим хүчний ашиглалтад шилжих, гэр хороололд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБХХ-ийн  үйл ажиллагааны нэгэн салшгүй хэсэг юм.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ  “Энэхүү (нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний ) тогтолцоо нь Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нь бизнес эрхлэгчид төдийгүй хувь хүмүүст хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хүчтэй хөшүүрэг болж өгөх юм. Энэ нь ногоон эдийн засгийг дэмжихэд болон Монгол Улсыг нүүрстөрөгчийн ялгаруулалт бага, тогтвортой ирээдүй рүү хөтлөхөд чухал ач холбогдолтой ” хэмээлээ.

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон, “Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бид байгаль орчны чухал сорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий бүлэг иргэдийг дэмжиж, тэдний амьжиргааг дэмжин сайжруулахад анхааран ажиллах юм. Нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоог бий болгоход чиглэсэн бидний хамтын ажиллагаа нь Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org 

НҮБХХ