Уур амьсгалын ногоон сан Ховд аймагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй уур амьсгалын дасан зохицох шийдлүүдтэй танилцлаа
August 26, 2026
2026 оны 8-р сарын 26, Ховд аймаг. Уур амьсгалын ногоон сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж, "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах, усны нөөцийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, ажлын үр дүнтэй газар дээр нь танилцлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийг хариуцсан бүсийн менежер Диан Жегам, мөн тус сангийн Монгол Улсыг хариуцсан Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Годфри Олука, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон төслийн хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцов.
Төлөөлөгчид Ховд аймгийн Чандмань суманд АДАПТ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн татмын ойн нөхөн сэргээлт, өвс тэжээлийн агуулах, инженерийн хийцтэй худаг, хөв цөөрөм, булгийн эхийг хамгаалах зэрэг ажлуудтай танилцаж, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага, малчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Малчид болон орон нутгийн төлөөлөл төслийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны үр дүнд бэлчээрийн усан хангамж, усны хүртээмж сайжирч, байгалийн нөөцийг хамгаалах орон нутгийн оролцоо нэмэгдэн, уур амьсгалын эрсдэлийг даван туулах чадавх бэхжиж байгаа талаар өөрсдийн туршлага, үр дүнгээ хуваалцав.
“Уур амьсгалын ногоон сангийн хөрөнгө оруулалт АДАПТ төслөөр дамжуулан Ховд аймагт бодит үр дүнгээ өгч байгаатай газар дээр нь танилцсандаа маш их баяртай байна.” хэмээн Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийг хариуцсан бүсийн менежер Диан Жегам онцлов. Төслийн хөрөнгө оруулалт нь зөвхөн дэд бүтэц бий болгохоор хязгаарлагдахгүй, орон нутгийн иргэдийн оролцоо, малчдын амьжиргаа, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг уялдуулан, байгаль орчин болон иргэдэд бодит үр өгөөж бий болгож байгаа талаар Уур амьсгалын ногоон сангийн төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн юм.
АДАПТ төслийн хүрээнд бий болсон үр дүн, орон нутгийн оролцоонд тулгуурласан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдэл, түншлэлийн туршлагыг олон улсын түвшинд хуваалцах зорилгоор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Уур амьсгалын ногоон сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын туршлагыг олон улсын оролцогчдод танилцуулжээ.