Тогтвортой хүнсний тогтолцоо, амьжиргааг дэмжих шийдлүүдийг орон нутгийн эмэгтэйчүүд амжилттай хэрэгжүүлж байна
October 15, 2026
Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт хэрэгжиж буй орон нутгийн иргэдийн санаачилсан дөрвөн бичил төсөл нь хүнсний үйлдвэрлэлд тулгарч буй сорилтуудыг байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой амьжиргааг дэмжих боломж болгон хувиргаж, хөдөөгийн эмэгтэйчүүдийн манлайлал, шийдэл санаачлагчдын оролцоог бэхжүүлж байна.
Орон нутгийн эмэгтэйчүүд бол хүнсний тогтолцооны зөвхөн оролцогчид бус хүнсний үйлдвэрлэл, өрхийн хүнсний аюулгүй байдал, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, уламжлалт мэдлэгийг хадгалж, орон нутгийн амьжиргааг тэтгэж байдаг гол хүчний нэг юм.
Гэвч хүнсний тогтолцоонд оруулж буй тэдний хувь нэмэр өндөр ч газар, ус болон бусад нөөцийн хүртээмж, санхүүжилт, технологи, зах зээлд нэвтрэх боломж, шийдвэр гаргалтын оролцоо нь тэр бүр адил тэгш байдаггүй. Мөн хүнс боловсруулах, ус, түлш бэлтгэх, асаргаа болон өрхийн бусад хөлсгүй хөдөлмөр эмэгтэйчүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлдэг.
Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, экосистемийн доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Эдгээр эрсдэл нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлж, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр болон өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах ачааллыг улам нэмэгдүүлэх боломжтой.
Иймээс хүнсний тогтолцооны өөрчлөлт гэдэг нь зөвхөн хүнсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх тухай биш. Байгалийн нөөцийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн хаягдал, бохирдлыг бууруулах, ус, хөрс болон биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын зэрэгцээ эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, орлого, ур чадвар, технологи, санхүүжилт болон зах зээлийн боломжийг нэмэгдүүлж, шийдвэр гаргалтад нөлөөг нь бэхжүүлэх цогц өөрчлөлт юм.
Дани, Люксембург, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газруудын дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Санхүүжилтийн цонх механизмаар хэрэгжиж буй “Хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих” төслийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт орон нутгийн иргэд, хоршоо, иргэний нийгмийн байгууллагуудын санаачилсан дөрвөн бичил төсөл хэрэгжиж байна.
Төслийн “Байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бичил тэтгэлэг” нь жендэрийн дүн шинжилгээгээр тодорхойлогдсон хөдөлмөрийн ачаалал, технологи ба зах зээлийн хүртээмж, тогтвортой орлогын боломж зэрэг асуудалд орон нутгийн түвшинд бодит шийдэл туршихын зэрэгцээ байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж байна.
Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Ногоон ургац” төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадвар, бие даан орлого олох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон асран хамгаалагч нийт 20 хүнийг мөөг тариалах, арчлах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн сургалт, дадлагад хамруулж, 10 өрхөд мөөгний туршилтын тариалалт хэрэгжүүлж байна.
Мөн улирлын нөхцөлөөс үл хамааран дотор орчинд мөөг тариалах боломжтой үйлдвэрлэлийн загварыг нэвтрүүлж, оролцогчдын практик ур чадварыг хөгжүүлэх, өрхийн түвшинд орлого олох шинэ боломж бүрдүүлэхийг зорьж байна. Ингэснээр зорилтот бүлгийн иргэдийн хүнсний үйлдвэрлэл дэх оролцоог нэмэгдүүлж, цаашид бие даан үргэлжлүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой жижиг үйлдвэрлэлийн суурийг тавих юм.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Мандал-95” ТББ хүнсний ногооны үйлдвэрлэлээс үүсэх органик хаягдлыг бичил биетний технологи ашиглан дахин боловсруулж, биобордоо үйлдвэрлэх хаягдалгүй үйлдвэрлэлийн шийдлийг туршин хэрэгжүүлж байна. Төсөл нь хүнсний ногооны хаягдлыг байгальд хаях бус, дахин ашиглах нөөц болгон хувиргаж, хөрсний үржил шимийг сайжруулахын зэрэгцээ өрх толгойлсон 30 эмэгтэйн мэдлэг, ур чадвар, амьжиргааны боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Өвөрхангай аймагт “Түмний Буян Далай” хоршоо малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй технологийн шинэчлэл хийж байна. Тус хоршоо нь ашиглалт багатай, хаягдал болох эрсдэлтэй малын гаралтай дайвар түүхий эд, тухайлбал хонины гүзээ, сархинаг, дэлүүг хатааж, нунтаглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хог хаягдлыг бууруулах, түүхий эдийн ашиглалтыг сайжруулах, орон нутагт орлогын шинэ боломж бий болгохыг зорьж байна.
Түүнчлэн үйлдвэрлэлээс гарах бохир ус хөрс, усанд шууд нөлөөлөх эрсдэлийг бууруулах зорилгоор гурван шатлалт био цэвэрлэх байгууламж суурилуулж, цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэлийн гаднах талбайн усалгаа, ногоон байгууламжид дахин ашиглах “ногоон үйлдвэрлэл”-ийн загварыг бий болгож байна. Үйлдвэрлэлийн гар ажиллагаа ихтэй үе шатыг механикжуулснаар усны хэрэглээ, хөдөлмөрийн ачааллыг бууруулж, ялангуяа эмэгтэй ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг сайжруулах давхар үр нөлөөтэй
Сэлэнгэ аймгийн “Тасархай алим” хоршоо эмэгтэйчүүдийн манлайлалтай нэмүү өртөг шингэсэн зөгийн балны үйлдвэрлэл, усны хэмнэлттэй газар тариалан, мод бут үржүүлэг, ногоон байгууламжийг нэгтгэсэн шийдэл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 0.7 га талбайд дуслын усалгааны систем нэвтрүүлэх, усны хэрэглээг бууруулах, зөгийн бал савлах ажиллагааг механикжуулах, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг өргөжүүлэхээр зорьж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангана гэдэг нь эмэгтэйчүүдийг зөвхөн төсөл, үйл ажиллагааны “үр шим хүртэгч” болгох тухай биш юм. Тэдний мэдлэг, туршлага, хөдөлмөрийг үнэлж, нөөц, технологи, санхүүжилт, зах зээл болон шийдвэр гаргалтад бодитой оролцох боломжийг нэмэгдүүлэх тухай юм. Жендэрийн дүн шинжилгээнд ч орон нутгийн бэлчээр, ус, хоршоо зэрэг зохицуулалтын бүтцэд эмэгтэйчүүдийн төлөөлөл, саналын эрхийг баталгаажуулах, хүйсээр ангилсан үр дүнг хэмжих, хөдөлмөр хөнгөвчлөх технологи болон зах зээлийн холболтыг хамтад нь төлөвлөх шаардлагатайг онцолсон байна.
Эдгээр дөрвөн бичил төсөл нь байгаль хамгаалал, хүнсний үйлдвэрлэл, орон нутгийн амьжиргаа, жендэрийн тэгш байдлыг нэг дор уялдуулж болохыг орон нутгийн түвшинд туршин харуулж байна.
Орон нутгийн эмэгтэйчүүд бол өөрчлөлтийн үр шим хүртэгчид төдийгүй мэдлэг бүтээгч, үйлдвэрлэгч, манлайлагч, байгаль хамгаалагч, хүнсний тогтолцооны өөрчлөлтийн шийдэл бүтээгчид юм.
About UNDP
UNDP is the leading United Nations organization fighting to end the injustice of poverty, inequality and climate change. Working with a broad network of experts and partners, UNDP helps countries build integrated, lasting solutions for people and planet.