НҮБХХ Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож, эмэгтэйчүүдийн төлөөллөөс нөлөөлөлд шилжих асуудлыг онцоллоо

October 12, 2026

Улаанбаатар хот, 2026 оны 10 дугаар сарын 12 – “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор 2026 оны 10 дугаар сарын 12-13 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй  Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) оролцож байна. Тус чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эмэгтэй парламентчид, бодлого боловсруулагчид болон хөгжлийн түншүүд эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх талаар туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж байна.

Panel of officials at a long conference table with laptops and microphones.

 

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон  “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн төлөөллийн нөлөөллийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллын ур чадвар, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хоёрдугаар салбар хуралдаанд панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн тоон төлөөллийг бодит нөлөө бүхий оролцоо, манлайлал болгон хөгжүүлэхэд шаардлагатай бодлого, институцийн дэмжлэгийн талаар санал солилцов.


НҮБХХ нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг ахиулах чиглэлээр үндэсний түншүүдтэйгээ хамтран 20 орчим жилийн турш тууштай ажиллаж ирсэн туршлага, үр дүнгээ танилцууллаа. Энэ хугацаанд НҮБХХ эрх зүйн шинэчлэлийг дэмжих, эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхыг бэхжүүлэх, нотолгоонд суурилсан бодлогын хэлэлцүүлгийг дэмжих чиглэлээр ажиллаж, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн юм.
 

Three panelists sit at a wood-paneled conference table, with nameplates and microphones.

 

“Монгол Улс  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон ахиц гаргасан. Харин дараагийн зорилт бол эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд бодит нөлөө үзүүлж, бодлого тодорхойлж, өөрчлөлтийг манлайлах боломжийг улам бүр бэхжүүлэх явдал юм. НҮБХХ энэ үйл хэрэгт УИХ, иргэний нийгэм болон хөгжлийн түншүүдтэйгээ хамтран үргэлжлүүлэн ажиллах болно” хэмээн НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч  Лионел Лорон онцоллоо.


НҮБХХ мөн эмэгтэйчүүдийн манлайлал, менторшип, мэргэжлийн сүлжээ болон институцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцолж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг ахиулах үйл ажиллагааг үндэсний болон олон улсын түншүүдтэй хамтран үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа дахин нотоллоо.