НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөний хэлэлцүүлгийг зохион байгууллаа

April 12, 2024
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 4-р сарын 12 - Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохион байгуулж буй Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөний энэ удаагийн хэлэлцүүлэгт Монгол Улсад байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. 

Уг хэлэлцүүлгээр “Биологийн олон янз байдлын тухай конвенцын хэрэгжилтийг дэмжих” төслийн хүрээнд “Дэлхийн биологийн олон янз байдлын үндэсний хүрээ”-ний зорилго, зорилтуудтай уялдуулан нийцүүлсэн Биологийн олон янз байдлын үндэсний зорилго, зорилтыг байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцэж, тэдний саналыг авсан юм. Эдгээр саналууд нь Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөг Дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулахад чухал хувь нэмэртэй юм.  

Хэдий их хүчин чармайлт гаргаж байгаа боловч биологийн олон янз байдал дэлхий дахинд болон Монгол Улсад хурдацтай хомсдож, амьд байгальд аюул занал учруулж байна. Монгол Улс нь олон улсын Конвенцын гишүүний хувьд Биологийн олон янз байдлын конвенцын Куньмин-Монреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ баримт бичигт тусгагдсан зорилтуудыг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгамдаж байгаа бөгөөд энэ нь манай гарагийн байгаль орчин, амьд оршихуйг хамгаалахад чухал үүрэгтэй. 

НҮБХХ

Биологийн олон янз байдлын Конвенцын үндэсний зохицуулагч, БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Биологийн олон янз байдлын үндэсний стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Монгол Улс биологийн олон янз байдлыг хамгаалах, түүнийг тогтвортой ашиглах, генетик нөөцийн үр ашгийг шударга, тэгш хүртэх амлалтыг биелүүлэх арга замыг тусгаж байгаа бөгөөд энэ нь Биологийн олон янз байдлын конвенцыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох тухай онцолсон юм. 

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй, дэлхийн 139 оронд хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлын тухай конвенцын хэрэгжилтийг дэмжих” төслийг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад холбогдох түншүүдтэй хамтран хэрэгжүүлж, Биологийн олон янз байдлын үндэсний төлөвлөгөөг 2020 оноос хойших Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээтэй уялдуулан нийцүүлэхээр ажиллаж байна.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org