Нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн Чингэлтэй Дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллана
February 3, 2025

Улаанбаатар хот, 2025 оны 2 сарын 3 – Нийслэлийн Чингэлтэй Дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нарны илч” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар зорьж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол нэн тулгамдсан асуудал болоод буй. PM2.5 бохирдлын 60% нь халаалтын зориулалтаар ашигласан нүүрснээс гаралтай хэмээн тогтоосон байдаг. Түүнчлэн, агаар орчны бохирдлын улмаас жилд ойролцоогоор 7,000 хүн нас барж, ДНБ-ний 10 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учирч байна. Хот суурин газар луу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, зудын нөлөөлөл, нүүрсний татаас зэргээс үүдэж энэхүү сорилт улам хүндэрч, өнөөг хүртэл чулуужсан нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна.
“Нарны Илч” төслийг 2024 онд БНФУ-ын Засгийн Газар, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, URECA ХХК, Гэр Өргөө ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн туршилтын төсөлд үндэслэн, өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Тус төслийн хүрээнд гэр хороолол дахь айл өрхүүдэд нарны цахилгаан үүсгүүрийн систем, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур болох цогц шийдлийг туршилтын шугамаар нэвтрүүлсэн. Шинээр эхэлж буй төслийн хүрээнд тус шийдлийг өргөжүүлж, Чингэлтэй дүүргийн 100 өрхөөс эхлэн, ирэх дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 1000 өрхийг үе шаттайгаар нарны эрчим хүчинд шилжүүлэхээр зорьж байна. Мөн, ухаалаг тоолуур (smart meter)-г ашиглан дижитал байдлаар хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг хэмжих, тайлагнах ба баталгаажуулах (MRV) ажлуудыг гүйцэтгэж, хүлэмжийн хий ялгарлын хэмнэлтийг эргээд нүүрстөрөгчийн кредит болгон борлуулах боломжийг судлах ба энэ нь сэргээгдэх эрчим хүчинд чиглэсэн санхүүжилтийг татах, эрсдэлийг бууруулахад эерэг нөлөөтэй юм.
Мөн, Монгол Улсын нарны эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн холимог санхүүжилтийг татах байдлаар хямд эрчим хүчний загварыг бий болгохоор зорьж байна. Төсөл нь нүүрстөрөгчийн кредитийн орлого, цахилгаан борлуулалт, шилжүүлсэн нүүрсний татаас зэрэг боломжит төсвийн урсгалыг судлах замаар нарны цахилгаан эрчим хүчний санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох юм. Түүнчлэн, бодлогын дэмжлэг, санхүүгийн урамшуулал олгох замаар сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн, зан байдалд өөрчлөлт бий болгохоор зорьж байна.
Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах, сургалтад хамруулах, ажлын байраар хангахад анхааран ажиллана. Хэрэгжилтийн эхний үе шатад Улаанбаатар хотын яндангүй бүст харьяалагдах айл өрхүүдийг хамруулахаар төлөвлөж байна.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Н. Мандуул “Бидэнд цэвэр агаар, өртөг багатай эрчим хүч шаардлагатай байна. Хотын иргэдийн эрүүл мэндийг сайжруулж, эрчим хүчний зардлыг бууруулан, Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих бодит, урт хугацааны шийдлийг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү санаачилга нь тогтолцооны түвшинд өөрчлөлтийг бий болгоход чухал ач холбогдолтойг онцлоод, “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд бүх түвшний хамтын ажиллагаа шаардлагатай. Инновац, хөрөнгө оруулалт, тууштай байдлын үр дүнд Монгол Улс нүүрсний хамаарлаас ангижирч, хүн бүрд хүртээлтэй хөгжлийг бий болгож чадна” гэв.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org
