"Монголын хүртээмжтэй ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах" төслийн Үндэсний удирдах зөвлөлийн анхдугаар хурал боллоо
January 27, 2026
Улаанбаатар, 2026 оны 1 сарын 27. Нэгдсэн үндэстний байгууллагын Олон талт түншлэгчдийн итгэлцлийн сангийн санхүүжилттэй "Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл" хөтөлбөрийн "Монголын хүртээмжтэй ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах" төсөл Үндэсний удирдах зөвлөлийн анхдугаар хурлаа зохион байгууллаа. Монгол Улсыг хүртээмжтэй, ногоон эдийн засагт шилжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн хэрэгжүүлж байна.
Төслийн Үндэсний удирдах зөвлөл нь Засгийн газрын хамтрагч байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг болон гурван талт байгууллагын төлөөллөөс бүрдсэн бөгөөд тус анхдугаар хуралдаанаар төслийн 2025 оны хэрэгжилтийн явцтай танилцаж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
“Монголын хүртээмжтэй ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах” төсөл нь 2025 оны 6-р сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтөд хүртээмжтэй ногоон эдийн засгийн зарчмуудыг тусгах чиглэлээр дэмжин ажиллав. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудыг тусгасан Үр дүнд суурилсан арга зүйг Улсын Их Хурал баталсан нь Монгол Улсын хөгжлийн тогтолцоог тогтвортой байдал, ногоон зорилтуудтай уялдуулах чухал алхам болсон юм. Төслийн хүрээнд Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн “Байгаль орчин ба ногоон эдийн засаг” бүлгийг боловсруулахад шууд хувь нэмэр оруулж, улмаар батлагдсан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичигт ногоон зорилттой холбоотой нийт 39 үр дүн, 61 гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, мөн Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан 76 шалгуур үзүүлэлтийг тусгасан. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт болон уур амьсгалын бодлогын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг хэлэлцэх зорилгоор төр, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг нэгтгэн, хүртээмжтэй шилжилтийн хүрээнд нийгмийн хэлэлцүүлгийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг нь хүртээмжтэй шилжилтийн зарчмуудын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, Монгол Улсын ногоон эдийн засгийн шилжилтэд зохистой хөдөлмөр эрхлэлтийн ач холбогдлыг онцолсон.
Цаашид төсөл нь ногоон санхүүжилтийн стратеги, механизмийг бэхжүүлэх, санхүүгийн мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагад чиглэсэн сургалтаар дамжуулан институцийн чадавх нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм. Үүний зэрэгцээ ногоон эдийн засгийн шилжилтийн үед хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг тусгасан нийгмийн хамгааллын бодлогын товч баримт бичгийг боловсруулахаар төлөвлөж байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн ца хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн тухай
НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл нь санхүү, хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй, тойрог, ногоон эдийн засгийн шилжилтэд чиглүүлэх зорилгоор тогтвортой байдлыг дэлхийн эдийн засгийн бодлого боловсруулах үйл явцын төвд байршуулан ажилладаг. Энэхүү түншлэлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн зэрэг НҮБ-ын таван агентлаг нэгдэн, түнш орнуудыг хүртээмжтэй ногоон эдийн засагт шилжих үйл явцыг бодлогын зөвлөмж, үнэлгээ судалгаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа болон дүн шинжилгээний арга хэрэгслээр хангах замаар тууштай дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org