Монгол Улсын Засгийн Газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа
May 28, 2025

Улаанбаатар, 2025 оны 5-р сарын 27 – 2023-2024 оны зуднаар Монгол Улсын хэмжээнд 7.44 орчим сая толгой мал хорогдож, мянга мянган малчин өрхийн амьжиргаанд онц ноцтой хохирол учирсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн Газар хөгжлийн түншүүд болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-тай хамтран “Зудын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” болон “Зудын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөлөл”-ийн тайланг тус тус боловсруулж, өнөөдөр тайлангуудын санал, зөвлөмжүүдийг НҮБ-ын төв байранд танилцууллаа.
Арга хэмжээнд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болон мэргэжилтэн, судлаачид оролцож, 2023–2024 оны зудын богино болон урт хугацааны нөлөөллийг хэлэлцэж, Монгол Улсын гамшгийн бэлэн байдал, эрсдэлийг даван туулах чадавхыг улам бэхжүүлэх хамтын ажиллагааны боломж бололцоог судаллаа.
Үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) ахалж, Олон улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRS), Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) хамтран гүйцэтгэлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг гамшиг, аюул тохиолдсоны дараа бус, гамшгийн эрсдэлийг урьдчилан үнэлж, сэргийлэн, бэлтгэл бэлэн байдлыг хангадаг байх шаардлагатайг онцлоод “Өнөөдөр танилцуулж буй энэхүү тайлангууд болон санал болгож буй зөвлөмжүүд нь уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг үнэлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цаашид Монгол Улсад уур амьсгалын гаралтай ялангуяа зудын гамшгийг даван туулах төлөвлөлт хийхэд ач холбогдлоо үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. ” гэв.
Зуд нь эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, боловсролын тогтвортой байдалд нөлөөлж, хот суурин газар луу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлээд зогсохгүй, жендэрт суурилсан хүчирхийллийг даамжруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Зудын нөлөөгөөр 2024 оны эхний есөн сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 27 хувиар буурсан байна.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг шийдвэрлэхэд түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод “Зуд нь уур амьсгалын хямрал аль хэдийн бодит байдал болсны тод илэрхийлэл юм. Гэхдээ энэ нь бас бидэнд төр засаг, түнш байгууллагууд болон ард иргэд тогтвортой хөгжил, хүний аюулгүй байдал гэсэн нийтлэг зорилгуудын дор нэгдэж чадвал ямар их зүйлсийг бүтээж болохыг бас харуулж байна” гэв.
Тайлангуудад эдгээр олон талт сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжүүдийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд, эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулах, малын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулах, хөдөө орон нутгийн дэд бүтэц болон уур амьсгалд дасан зохицох арга хэмжээнд зориулсан төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Зуд нь зүгээр нэг цаг агаарын үзэгдэл биш. Энэ нь нийгмийн салбар бүрд нөлөөлж буй томоохон хөгжлийн сорилт юм. Зудаас үүдэлтэй хорогдол бүрийн цаана өрхийн амьжиргаа, амьдралын хэв маяг эрсдэлд орж байдаг. Бид өнгөрсөн хойно нь нэгэнт учирсан хохирлыг арилгах чиглэлээр биш, харин даван туулах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны стратеги, олон нийтийн оролцоонд суурилсан шийдлүүдэд хөрөнгө оруулж эхлэх шаардлагатай байна” гэв.
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дарга Ч.Ариунаагаар удирдуулсан хэлэлцүүлэгт яам, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх дараагийн алхмуудыг тодорхойлж, салбар хоорондын хамтын ажиллагаа нэмэгдүүлж, уялдаа холбоог хангах чиглэлээр санал солилцлоо.