Хүний хөгжлийг ахиулахад хүртээмжтэй хиймэл оюун чухал болохыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн илтгэлд онцоллоо
May 20, 2025
Улаанбаатар хот, 2024 оны 5 сарын 20 — Өнөөдөр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг Монгол Улсад танилцуулж, дэлхий дахинд хүний хөгжлийн ахиц дэвшил удааширч буй энэ цаг үед хиймэл оюуны чадамжийг бүрэн гүйцэд ашиглахад хүртээмжтэй, хүн төвтэй бодлого чухал болохыг онцоллоо.
“Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлд КОВИД-19 цар тахлын жилүүдийг эс тооцвол дэлхийн хүний хөгжлийн өсөлт 1990 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрснийг онцолжээ. Хямралын дараагаар тогтвортой өсөлт, сэргэлтийн оронд урьд өмнө байгаагүй удаан ахиц дэвшил ажиглагдаж буй нь Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-уудын хэрэгжилтийг хэдэн арван жилээр хойшлуулах эрсдэлийг дагуулж байна.
Илтгэлд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгох гурван тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Эдгээрх нь,
- Хүн ба хиймэл оюуны хамтын ажиллагаанд суурилсан, харилцан үр өгөөжтэй эдийн засгийн загварыг хөгжүүлэх;
- Хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээний бүхий л үе шатад хүний оролцоог нэмэгдүүлэх;
- Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, 21-р зууны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх юм.
Монгол Улсын Хүний хөгжлийн индекс (ХХИ) 1990 оноос хойш 26 хувиар өсч, 0.747-д хүрсэн бөгөөд өдгөө 193 улс орноос 104-т эрэмбэлэгдэж байна. 1990-2023 оны хооронд Монгол Улсад дундаж наслалт 12.9 жилээр, сургуульд суралцах хугацаа 3.5 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 0.93 жилээр тус тус нэмэгдсэн бол, нэг хүнд ногдох Үндэсний Нийт Орлого (ҮНО) 148.4 хувиар өссөн байна.
Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд Ц.Баатархүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс хариуцлагатай хиймэл оюунаар бүс нутагтаа манлайлах зорилтыг тавьсан. Энэ хүрээнд "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж дууслаа. Стратегийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Харин одоо энэхүү шилжилтийн үр нөлөөг орон нутгийн иргэд, хүүхэд, залуучууд гээд хүн бүрд хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн дурдав.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн илгээлтийг түүний зөвлөх Б. Баттөмөр уншиж танилцуулсан ба тэрээр үгэндээ “Манай Улс цахим хөгжлийн чиглэлд хурдацтай ахиц дэвшил гаргаж буй нь сайшаалтай. Гэвч энэхүү илтгэл бидэнд хүртээмжгүй өсөлт, зүй бус технологийн хэрэглээ нь бидний хүсэж буй хүртээмжтэй, үр өгөөжтэй ирээдүйг авчрахгүйг сануулж байна. Инновац, бодлого төлөвлөлтийн гол цөмд систем бус, хүмүүс байх шаардлагатай” гэдгийг онцлов.
Илтгэлд бага болон өндөр ХХИ-тэй орнуудын хоорондын ялгаа, тэгш бус байдал нэмэгдэх эрсдэл өндөр буйг онцолжээ. Дэлхий дахинд судалгаанд оролцогчдын 60% нь хиймэл оюун нь тэдний ажил, амьдралд эергээр нөлөөлнө хэмээн үзсэн ч, хөгжиж буй орнуудад энэ чадавхыг бүрэн ашиглахад шаардагдах ур чадвар, хүртээмж, дэд бүтцийн хомсдол өндөр хэвээр байна.
Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюун нь зөвхөн технологийн асуудал биш, бидний үнэт зүйлс, зорилго, сонголтын тусгал юм. Хэрэв зүй зохистой ашиглаж чадвал энэ нь “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, ТХЗ-уудын хэрэгжилтийг дэмжих хурдасгуур хүч болж чадна. Иймээс бид хиймэл оюуны потенциалын талаар ярихаас илүүтэй, үүнийг хүний хөгжлийг ахиулахад хэрхэн чиглүүлж, ашиглаж болох талаар ярьж эхлэх хэрэгтэй байна” гэв.
Мөн арга хэмжээнд Монголын Залуучуудын Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Т. Амарзаяа нээлтийн үг хэлж, ирээдүй, хүний хөгжил, хиймэл оюуны талаарх залуусын үзэл бодол болон залуучуудын оролцооны чухлыг онцоллоо. Харин НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яаап ван Хиерден хаалтын үгэндээ хүний чадавхад хөрөнгө оруулах, хүртээмжтэй дижитал орчинг бүрдүүлэх, хувь хүн болон орон нутгийн иргэдийг чадавхижуулах төрийн дэд бүтцэд анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Арга хэмжээний үеэр Монгол Улс хэрхэн хиймэл оюуныг түшиглэн хүний хөгжлийн ахиулж болох тухайд хэлэлцүүлэг өрнүүлснийг Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр Төв НҮТББ-ын Үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо чиглүүллээ. Хэлэлцүүлэгт:
- Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж. Золжаргал
- ЦХИХХЯ-ны Инновацын бодлого зохицуулалтын газрын Дарга П. Мөнхбат
- "Алсын хараа-2050" салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ж. Тана
- ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Хонгорзул
- Эмпасофт Технологийн Сургуулийн Хамтран Үүсгэн Байгуулагч Н. Энхсайхан нар оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр илтгэлд тусгагдсан зөвлөмжийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, хиймэл оюуны хөгжлийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах арга замын талаар өргөн хүрээний яриа, хэлэлцээр өрнүүлэв.
Хүний хөгжлийн илтгэлийн гол утга санаа нь: хиймэл оюуны хүн төрөлхтөн, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь хиймэл оюуны чадамжаас бус бид үүнийг хэрхэн удирдахаас шалтгаална. Улс орнууд цахим шилжилтийг хэрэгжүүлж эхлээд буй энэ цаг үед илүү ухаалаг, хүртээмжтэй, даван туулах чадвартай нийгмийг цогцлоох ховор боломж бүрдээд байна.
2025 оны Хүний хөгжлийн илтгэл: https://www.undp.org/mn/mongolia/publications/HDR2025
***
Хэвлэл мэдээллийн холбогдох хүмүүс:
- Монгол Улсад: erdenesukh.otgonbayar@undp.org (9909-6434)
- Бангкок хотод: cedric.monteiro@undp.org (+66 2 304 9100)
- Нью-Йорк хотод: stanislav.saling@undp.org +1 347 653 1980 / victor.garrido.delgado@undp.org +1 917 995 1687
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.