Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалд зохицсон, даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газрын төлөөлөгчид Монгол Улсад зочиллоо

September 10, 2025

СКАЛА хөтөлбөрийн хэлэлцүүлэг

НҮБХХ

Улаанбаатар хот, 2025 оны 9 дүгээр сарын 11 – ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын арга хэмжээ, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яам (BMUKN)-ны төлөөлөгчид Ази тивд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын удирдах албан тушаалтнууд, хөгжлийн түншүүд болон орон нутгийн төлөөлөлтэй уулзан, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын арга хэмжээг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

BMUKN-ны төлөөлөгчид болон НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска

НҮБХХ

Энэхүү ажлын айлчлал нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБХХАБ)-ын хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” (СКАЛА) хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдав. Айлчлалын гол зорилго нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах дасан зохицох туршлагыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт нэвтрүүлэхэд СКАЛА хөтөлбөрийн оруулсан хувь нэмрийг үнэлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох явдал байв.

НҮБХХ

Төлөөлөгчдийг BMUKN-ны Европ болон Олон улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэлтсийн дарга ноён Ульф Йэкел ахалж, Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI) - Z-U-G байгууллагын төслийн ажилтан хатагтай Петра Нийланд болон НҮБХХ, НҮБХХАБ-ын төлөөлөгчид дагалдав. Айлчлалын үеэр талуудын нягт хамтын ажиллагаа болон мэргэжлийн туршлага нь СКАЛА хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв. 

Айлчлалын үеэр төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанд суурилсан баримт нотолгооны тогтолцоог бэхжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) 3.0 болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн салбарыг нэгтгэх, жендэрт суурилсан хариуцлагатай уур амьсгалын төлөвлөлт, төсөвлөлтийг дэмжих чиглэлээр СКАЛА хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, гарсан үр дүнтэй танилцав. 

Засгийн газрын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудтай хийсэн хэлэлцүүлгийн үеэр малчид, тариаланчдын бүлгүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах дасан зохицох чадавхыг бэхжүүлэх шаардлагыг онцолсон бол орон нутагт хийсэн айлчлалууд нь СКАЛА хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаа, үнэлгээ нь уур амьсгалын бодлогыг тодорхойлох, бодит нөхцөл байдалд нийцсэн шийдлийг боловсруулахад чухал ач холбогдолтой болохыг харууллаа.

СКАЛА төслийн хүрээнд тодорхойлсон голлох газруудаар зочилсон нь

НҮБХХ

2021 оноос хойш хэрэгжиж буй СКАЛА төсөл нь Монгол Улсад тогтвортой мал аж ахуй, газар тариалан, усны менежмент, хөрсний нүүрстөрөгчийн чиглэлээрх туршлагыг нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой, хэрэгжүүлж болохуйц шийдлүүдийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж ирлээ.

Төслийн хүрээнд хийгдсэн судалгаанууд нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН), Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ), Малын тоо толгойн албан татварын тухай хууль зэрэг үндэсний хэмжээний гол бодлого, баримт бичгийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсан. Уур амьсгалын зорилтуудыг салбарын төлөвлөгөө, төсөвт тусгах замаар СКАЛА төсөл нь Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, малчид, тариаланчдын тогтвортой амьжиргааг хангах бодит шийдлүүдийг боловсруулж байна.

НҮБХХ

"СКАЛА хөтөлбөрийн Монгол Улсад хэрэгжүүлж буй стратегийн бодлогын дэмжлэг болон орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадавхтай хөдөө аж ахуй, газар ашиглалтын тогтвортой туршлагыг төлөвшүүлэхэд хэрхэн бодит үр нөлөө үзүүлж байгааг харж, сонсоход таатай байна. Германы Байгаль орчны яам энэ үйл ажиллагааг дэмжиж байгаадаа баяртай байна." хэмээн BMUKN-ны Европ болон Олон улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэлтсийн дарга ноён Ульф Йэкел онцлов.

BMUKN-ны Европ болон Олон улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэлтсийн дарга ноён Ульф Йэкел

НҮБХХ

Тус уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “СКАЛА хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаргын усыг хуримтуулах чиглэлээр хийсэн үнэлгээ, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнээс эхлүүлээд ҮТХН 3.0-д хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудыг тусгах, инновац бүхий хэмжих тайлагнах баталгаажуулах (MRV) тогтолцоог хөгжүүлсэн зэргээр чухал ахиц дэвшил гаргалаа. Эдгээр хүчин чармайлт нь үндэсний түвшинд бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх, Монгол Улсын хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадавх бүхий хөгжлийг хангахад нэн чухал юм.” гэв.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн

НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска " СКАЛА төсөл нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүлэх бодлого, зорилтыг үндэсний хэмжээний төлөвлөгөөнд тусгах, хөдөө аж ахуй болон газар ашиглалтын салбарт уур амьсгалын нөлөөллийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Төлөвлөлтийн шатнаас бодит туршлагад суурилсан шийдэлд шилжиж, малчид, тариаланчид болон орон нутгийн иргэдэд бодитой өөрчлөлт авчрахад Герман улсын үзүүлж буй дэмжлэгт бид гүнээ талархаж байна' гэлээ.

НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска

НҮБХХ

"НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч хатагтай Чинюнь Дяо хэлэхдээ: 'Хөдөө аж ахуйн салбар нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-өөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асар их нөөц бололцоотой. СКАЛА төсөл нь энэ чиглэлд бодлогын гол баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт, нотолгооны үндэс суурийг газар ашиглалт болон хөдөө аж ахуйн салбарт бүрдүүлж байна. Уур амьсгалын арга хэмжээг бодлогод тусгах, олон нийтэд түгээх үйл явц нь зөвхөн үндэсний түвшинд өрнөхгүй, бүс нутгийн болон дэлхийн түвшний стратегийн яриа хэлэлцээрээр дамжин өрнөдөг. Тухайлбал, СКАЛА хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Уур амьсгалын арга хэмжээг үнэлэх, эрэмбэлэх (CAR) хэрэгслийг төслийн үндэсний баг ҮДЗТ болон ҮТХН-ийн баримт бичигтэй уялдуулан ашиглаж, хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын системийн түвшинд уур амьсгалын шийдлүүдийг эрэмбэлэхэд ашигласан' хэмээлээ."

НҮБХХАБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Чинюнь Дяо

НҮБХХ

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

НҮБХХАБ-ын тухай 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин  амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцлийг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг бүх түвшинд нэмэгдүүлэх, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах замаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, өлсгөлөнг зогсоохыг зорин ажиллаж байна. 

СКАЛА хөтөлбөрийн тухай 

ҮТХН болон ҮДЗТ-ний зорилтыг Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг (СКАЛА) Германы Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны “Олон улсын уур амьсгалын санаачлагаас (IKI)” санхүүжүүлдэг. 

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org 

Б.Бүжин | Дижитал харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хүнс, Хөдөөө, Аж ахуйн Байгууллага | bujin.bazarvaani@fao.org