Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээний анхдугаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

January 15, 2025
a group of people posing for a photo
НҮБХХ

2025 оны 1 дүгээр сарын 15. Улаанбаатар хот – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Хиймэл оюун ухааны бэлэн байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, яамд, төрийн байгууллагуудын төлөөлөгчид Монгол улсын хиймэл оюун ухааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл авч, тус үнэлгээнд шаардлагатай тоон мэдээллийг цуглуулахад үнэ цэнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлыг НҮБХХ-ийн "Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ (AILA)"-ний аргачлалыг ашиглан үнэлж, давуу тал болон сайжруулах шаардлагатай салбаруудыг тодорхойлох юм. Үнэлгээг хийхдээ баримт бичгийн судалгаа, олон нийтийн мэдээлэл, санал асуулга, хурал семинар, дотоод дүн шинжилгээ зэргийг ашигласнаар Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх нарийвчилсан тайлан, тусгайлсан ойлголт, зөвлөмжийг гаргах юм.

a man standing in front of a screen
НҮБХХ

Энэхүү хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од “Монгол Улс 2024 онд “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр 11 байр урагшилж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэхүү ахиц дэвшил нь бидний хиймэл оюун ухааныг бэхжүүлэх, хариуцлагатай хэрэгжүүлэх бэлэн байдалд хүрэх эрмэлзлийг илэрхийлж байна. Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээг хийснээр бид илүү сайн ойлголттой болж, өөрсдийн зөрүүтэй байдлаа илрүүлэн хиймэл оюун ухаанд түшиглэн тогтвортой хөгжилд хүрэх чухал алхам болох юм” хэмээн тэмдэглэв.

a person standing in front of a computer
НҮБХХ

Түүнчлэн “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ нь зөвхөн тайлан гэхээсээ илүү замын зураглал бөгөөд Монгол Улсад хиймэл оюун ухааныг тогтвортой, хүртээмжтэйгээр ашиглахад тусална. Өнөөдөр энд хуран цугласан салбар, салбарын мэргэжилтнүүд энэхүү хэлэлцүүлгийг баяжуулж, хиймэл оюун ухааныг Монгол Улсын нийт иргэдэд ёс зүйтэй, хүртээмжтэй, үр ашигтайгаар ашиглах стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао онцлов.

Хэлэлцүүлгийг чиглүүлсэн НҮБХХ-ийн “Хиймэл Оюун Ухааны Бэлэн Байдлын Үнэлгээ (AILA)”-ний арга зүйд суурилсан судалгааны багийн зүгээс яамд, холбогдох газар агентлагуудын төлөөлөлд үнэлгээний арга зүй болон ач холбогдлыг танилцуулж, төрийн бодлого, үйлчилгээнд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх болон ашиглах боломж, өнөөгийн нөхцөл байдал, боломжит эрсдэлийн талаар мэдээлэл өгч, судалгаанд шаардлагатай мэдээллийг цуглуулан, цаашдын хамтын ажиллагааны боломжийг ярилцав. Энэ үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улс дахь Дижитал оффис болон Ази, номхон далайн бүсийн Хүртээмжтэй өсөлтийн багийн дэмжлэгтэйгээр хийж байна.

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org