Хиймэл оюунд түшиглэн хүний хөгжлийг ахиулах Монгол Улсын сонголт

May 22, 2025
A focused woman in a red sweater sits at a computer, with others working in the background.
НҮБХХ
Two professional headshots side by side, featuring individual names and titles below each photo.

Хүн төрөлхтөн нийгэм, эдийн засаг болон амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж чадах цоо шинэ инновацтай нүүр тулаад буй нь хиймэл оюун билээ. Бүхнийг өөрчилж байсан өмнөх инновацуудаас ялгаатай нь хиймэл оюун асар хурдтайгаар хөгжиж богино хугацаанд өөрчлөлтүүдийг бий болгож байна. Энэ нь олон боломжийг авчрахын сацуу тодорхойгүй байдал, эрсдэлийг ч мөн дагуулж буй.

Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) 2025 оны Хүний хөгжлийн илтгэлээ “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдвээр эрхлэн гаргасан. Илтгэлд хүний хөгжлийн ахиц дэвшил сүүлийн 35 жилийн хамгийн доод түвшинд хүрч, удааширч буйг онцолсон. Мөн хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын хөгжлийн ялгаа, тэгш бус байдал эрчимтэй нэмэгдэж буй энэ цаг үед бодит шийдэл, арга хэмжээг цаг алдалгүй авч эхлэхгүй бол тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх цаг хугацаа хэдэн арван жилээр хойшлох эрсдэлтэйг ч мөн анхааруулсан.

Гэсэн хэдий ч дэлхий дахинд үүсээд буй тогтворгүй байдал, тодорхойгүй энэ цаг үед хиймэл оюун итгэл найдвар болон эерэг өөрчлөлтийг ч авчрах боломжтойг бас онцолж. Хэдийгээр хиймэл оюун бүхнийг шийдвэрлэх шидэт хэрэгсэл биш ч, хүн төвтэйгөөр хөгжүүлж чадвал бидний суралцах, ажиллах, удирдах болон хөгжих арга замыг илүү сайнаар шинэчлэн тодорхойлох чадамжтай далайцтай нөөц бололцоо юм.

Олон улс, бүс нутгийн хэмжээнд бий болох боломжууд ба сонголтууд

A person holds a magazine featuring a girl's profile with headphones, surrounded by a blurred audience.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2025.05.20-нд 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг Монгол Улсад танилцуулав.

НҮБХХ

НҮБХХ-өөс явуулсан судалгаанаас харахад дэлхий дахинд хүмүүс хиймэл оюуны талаар өөдрөг хандлагатай байна. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын зургаа нь хиймэл оюун нэвтэрснээр шинэ ажлын байрууд бий болж, тэдний ажилд эергээр нөлөөлнө хэмээн найдаж байгаа аж. Ялангуяа хүний хөгжлийн индекс (ХХИ) бага орнуудын хувьд нийт судалгаанд оролцогчдын 70% нь хиймэл оюун нь тэдний ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн үзсэн бол, гуравны хоёр нь хиймэл оюуныг ирэх жилд боловсрол, эрүүл мэнд, ажлынхаа чиглэлээр ашиглах хүлээлттэй байна. Ази, Номхон далайн бүс нутгийн олон улс оронд цахим хөгжил эрчимтэй өрнөж буй нь хиймэл оюунд суурилсан хүртээмжтэй хөгжлийг бий болгох таатай нөхцөлийг ч мөн бүрдүүлж байна.

Гэхдээ дан ганц өөдрөг байдал хангалтгүй. Хиймэл оюуны загварчлал, хэрэглээ, удирдлага зэрэг бүх шатны хөгжүүлэлтийн хүрээнд гаргах стратегийн шийдвэрүүд нь зах зээлд бус хүнд ашигтай байж чадах эсэхээс бүх зүйл шалтгаална. Энэ хүрээнд илтгэлд хүний хөгжлийг ахиулах гурван тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон.

  1. Хүн болон хиймэл оюун өөр хоорондоо өрсөлдөх бус хамтран ажиллах эдийн засгийн загварыг хөгжүүлэх;
  2. Ашгийн бус, хүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн инновацын хөгжлийг дэмжих;
  3. Боловсрол, эрүүл мэнд, цахим дэд бүтцийг шинэчлэн, хүний чухал ур чадваруудад хөрөнгө оруулалт хийж, хүн бүрд хүртээмжтэй хиймэл оюуныг хөгжүүлэх.

Монгол Улсын сонголт юу байх вэ? 

A speaker at a podium presents at a conference with a blue backdrop displaying "aata + AI."

НҮБХХ нь Монгол Улсын хиймэл оюунд бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

НҮБХХ

Монгол Улсын хувьд хиймэл оюун нь эдийн засгийг төрөлжүүлэх, хот, хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулах томоохон боломжууд болон сорилтуудыг дагуулж байна. Монгол Улсын ХХИ 1990 оноос хойш 26 хувиар өсөж, хүний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын тоонд багтах болсон. Гэсэн хэдий ч Зүүн Ази болон Өмнөд Азийн орнуудын ХХИ-ийн 50 гаруй хувийн өсөлттэй харьцуулахад ахиц дэвшил алгуур бөгөөд хараахан “маш өндөр” хүний хөгжилтэй орны ангилалд шилжээгүй байна. Тиймээс цаашдын хөгжил, ахиц дэвшил нь хиймэл оюуныг хүний хөгжлийн төлөө хэрхэн ашиглахаас хамаарах болно.

Монгол Улсын Засгийн Газрын зүгээс хиймэл оюуны чиглэлд чухал ач холбогдол өгөн ажиллаж байна. Хиймэл оюуныг “Цахим үндэстэн” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх хамтарсан төлөвлөгөө”-нд тусгасан бөгөөд одоогоор “Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж байна. Түүнчлэн, ХХИ-ийг нэмэгдүүлэх зорилтыг 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байна.

НҮБХХ нь Монгол Улсын хиймэл оюунд бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ, хэтийн төлөвийг судлах ажлуудыг гүйцэтгэсэн. Үнэлгээний үр дүнд Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын оноо 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатандаа явж буй нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд хиймэл оюуныг хөгжүүлэх суурь бүтцүүд бүрэлдэж буй ч ахиц дэвшил алгуур бөгөөд хараахан бэхжээгүй байна.

Монгол Улсад хиймэл оюуныг хөгжүүлэх үйл явцад гурван үндсэн сорилт тулгарч байна. Эдгээрх нь төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийн ялгааг бууруулах, мөн ёс зүйтэй хэрэглээг хангах бодлого, зохицуулалтын орчныг тодорхой болгох юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хиймэл оюуны хөгжлийн замналдаа хөл тавьсан ч цаашдын чиглэл, үр дүнг өнөөдөр хийж буй сонголтууд тодорхойлох болно.

Эрсдэлийг боломж болгон хувиргах нь

Two students closely work on a circuit board, focused and collaborating in a classroom setting.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур төвөөс зохион байгуулсан STEM4ALL сургалтын оролцогчид

НҮБХХ

Хиймэл оюун асар их боломж бололцоог бий болгож буй ч, улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг нэмэгдүүлэх эрсдэлийг ч мөн дагуулж байна. Илтгэлд бага болон дунд орлоготой орнууд өнөөдрөөс бодит арга хэмжээ авч эхлэхгүй бол хурдацтай хөгжиж буй дижитал эдийн засагт хол хоцрох эрсдэлтэй байгааг анхааруулжээ. 

Энэ эрсдэлийг дагуулж буй гурван гол хүчин зүйл бий. Нэгдүгээрт, өндөр орлоготой улс орнууд хиймэл оюуны шинэ боломжуудыг бүрэн гүйцэд ашиглах хөрөнгө, дэд бүтэц, хүний нөөцийн чадамжтай байна. Хоёрдугаарт, бага орлоготой улс орнуудад ажлын байрны автоматжуулалтаас эхлээд хиймэл оюунаас үүдэлтэй эрсдэлүүдийг зохицуулах бэлтгэл, чадамж дутмаг байна. Гуравдугаарт, хиймэл оюуны үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын үнэ өртөг улам бүр нэмэгдэж, уламжлалт хөгжлийн загварууд ач холбогдлоо алдах хандлагатай байгаа нь хүртээмжтэй өсөлт болон ажлын байр бий болгох боломжийг хязгаарлаж болзошгүй юм.

Гэхдээ энэ нь гарцаагүй нөхцөл байдал огт биш. Хэрэв хиймэл оюуныг стратегитай, зүй зохистой байдлаар ашиглаж чадвал энэ нь соёл уламжлалд чиглэсэн заналхийлэл бус, харин эрсдэлийг даван туулах чадвар, шинэчлэлийг дэмжих шийдэл болж чадна. Тухайлбал, Монгол Улсад хиймэл оюуныг зүй зохистой байдлаар хөгжүүлж чадвал энэ нь малчдыг цаг агаарын урьдчилсан мэдээллээр хангах, алслагдсан сумдын эмч нарт өвчнийг эрт оношлоход туслах, багш нарт хичээлээ сурагч бүрийн онцлогт тааруулан заах, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээлд нэвтрэх боломжийг ч бий болгох боломжтой. 

Монгол Улс олон улсын сайн туршлагыг улс орны нөхцөл байдалдаа тохируулан нутагшуулж, орон нутгийн онцлогт нийцсэн шийдлүүдийг боловсруулах бүрэн боломжтой. Тухайлбал:

  • Цахим дэд бүтцэд хөрөнгө оруулах: Сүлжээ, холбоо нь хиймэл оюунд суурилсан ямар ч өөрчлөлтийн үндэс, суурь юм. Монгол Улсын хувьд алслагдмал, хөдөө орон нутагт өндөр хурдны интернэтийг хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Энэтхэг Улсын 6,000 гаруй тосгоныг интернет сүлжээнд холбосон “Дижитал Энэтхэг” санаачилга нь дижитал дэд бүтцийг хэрхэн хүртээмжтэй, үр дүнтэйгээр хөгжүүлж болохыг харуулсан тод жишээ юм.
  • Эрчим хүчний тогтвортой байдлыг хангах: Дэлхий даяар хиймэл оюуны хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 он гэхэд дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ 160 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг өөрчлөн шинэчилж, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө ашиглах шаардлагатай байна.
  • Боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх: Монгол Улс залуучуудын шинжлэх ухаан, мэдээллийн технологи, математик (ШИМТ), цахим бичиг үсгийн мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуны технологитой ажиллах ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Вьетнам Улсын сургалтын хөтөлбөрт хиймэл оюуныг тусгасан туршлага нь энэ чиглэлд хэрэгжүүлж болох сайн жишээ юм.
  • Ажлын байрны шилжилтэд бэлтгэх: Ажлын байрны хомсдол үүсэх эрсдэлийг бууруулахын тулд Монгол Улс хиймэл оюуныг ажлын байрыг үгүй болгох бус, харин нэмэгдүүлэх чиглэлд ашиглаж буй байгууллагуудад татварын хөнгөлөлт олгох, мөн Сингапурын SkillsFuture санаачилгын нэгэн адил дахин чадваржуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой.
  • Ёс зүйтэй, хүртээмжтэй засаглалыг төлөвшүүлэх: Монгол Улс хиймэл оюуныг ил тод, хариуцлагатай, шударга зарчимд үндэслэн загварчлан хөгжүүлснээр хүн төвтэй, олон нийтийн сайн сайханд чиглэсэн шийдлүүдийг боловсруулах боломж бүрдэнэ.

Хиймэл оюун хүний хөгжлийг ахиулах эсэх сонголт нь бидний гарт

A large, colorful cube displaying sustainability icons, with a crowd gathered around it.

Сүхбаатарын талбайд цугларсан залуус

НҮБХХ

Энэ жилийн хүний хөгжлийн илтгэл бидэнд ирээдүй програмчилсан кодоор бус, харин тухайн системд бидний суурилиулж буй үнэт зүйлс, урамшууллын тогтолцоо, дуу хоолойгоор тодорхойлогддог болохыг сануулж байна.

Хэрэв Монгол Улс хөгжлийн тэргүүлэх чиглэл болон улс орныхоо онцлогдоо нийцсэн хүртээмжтэй, ёс зүйтэй, хүн төвтэй хиймэл оюуныг хөгжүүлж чадвал дижитал шилжилтээс гадна хүний хөгжлийн шинэ боломжуудыг нээсэн ахиц дэвшлийн шинэ эрин эхлэх боломжтой. 

Бүхий л түүхэн шинэчлэлтийн нэгэн адил хиймэл оюун хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх нь бидний сонголтоос шалтгаална. “Технологи юу хийж чадах вэ?” гэж асуухын оронд “Бид үүнийг хэрхэн хүний хөгжлийг ахиулахад ашиглаж болох вэ?” гэж асуух цаг иржээ. Бодит ахиц дэвшлийг бий болгоход хүний манлайлал, зоримог инновац, оновчтой хөрөнгө оруулалт, хүртээмжтэй институт, иргэдийн дуу хоолойд анхаарах тууштай хандлага шаардлагатай.

Энэ ирээдүй бидний төсөөлж буйгаас ч ойрхон гэхдээ зөв сонголтуудыг хийж чадсан тохиолдолд.