НҮБХХ болон Даян дэлхийн байгаль орчны сангийн Жижиг төслийн хөтөлбөр Сэлэнгэ аймгийн иргэдийн байгаль орчныг хамгаалах санаачилгыг дэмжиж байна

September 25, 2026
Wooden garden swing with a carved sign, pink flowers in the foreground and blue sky.

Сэлэнгэ аймаг, 2026 оны 9-р сарын 25: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Сэлэнгэ аймгийн Баруунхараад ажиллах үеэр Даян дэлхийн байгаль орчны сангийн Жижиг төслийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй орон нутгийн иргэдийн санаачилсан төслүүд байгаль орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөдөө орон нутагт амьжиргааны боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Монгол орны байгаль орчин, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад орон нутгийн иргэд чухал үүрэгтэй. Тэдний өдөр тутмын амьдрал, амьжиргаа нь газар нутаг, ой, хөрс, хүнсний нөөцтэй салшгүй холбоотой байдаг. Жижиг төслийн хөтөлбөр нь иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгыг санхүүжилт, техникийн туслалцаа, түншлэлээр дэмжиж, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг ахиулж байна.

Person in gray robe with orange sash and wide-brimmed hat among green crops.

Жижиг төслийн хөтөлбөрийн 8 дугаар үе шат нь 2025 оны 11-р сард эхэлсэн ба Баруунхараад гурван шинэ төсөл хэрэгжиж байна. Үүнд, Хөгжилд хүрэх түншлэл ТББ нь жимсний мод тариалах сургалт, туршилт, үзүүлэнгийн талбай байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй жимс тариалах арга, технологийн талаар сургалт зохион байгуулж байна. Тус төсөл нь орон нутгийн иргэдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, амьжиргааны шинэ боломж бий болгоход чиглэж байна. Тус ТББ нь орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, иргэдийн оролцооны байгууллагуудын холбоо байгуулахад хувь нэмэр оруулсан бөгөөд уг холбоо нь одоогоор 13 аймгийн 40 гаруй бүлгийг холбон, мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Түүнчлэн, Монголын органик бүтээгдэхүүнийг дэмжих холбоо ТББ нь ашигт бактери ашиглан малын бууцаар органик бордоо үйлдвэрлэх туршилтын ажлыг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь хөдөө аж ахуйн хаягдлыг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, газар тариалангийн илүү тогтвортой арга, туршлагыг нэвтрүүлэхэд чиглэж байна. Амьсгалах агаар ТББ нь Ноён уулын дархан цаазат газрын орчны бүсэд үйл ажиллагаа явуулж буй Ойн нөхөрлөлийн чадавхыг бэхжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулж байна.

“Монгол Улсын байгаль орчныг хамгаалах үйлсэд орон нутгийн иргэд голлох үүрэгтэй” хэмээн НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон хэллээ. “Даян дэлхийн байгаль орчны сангийн Жижиг төслийн хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн мэдлэг, санаачилга, түншлэлд тулгуурлан экосистемийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой амьжиргааны боломжийг бий болгох бодит шийдэлд бид дэмжлэг үзүүлж байна. Иргэд өөрсдөө санаачилж, манлайлан хэрэгжүүлсэн байгаль орчныг хамгаалах ажил илүү хүртээмжтэй, тогтвортой үр дүнг бий болгож чадна.”

Жижиг төслийн хөтөлбөр нь одоогоор Монгол Улсын 13 аймагт 20 төслийг дэмжин хэрэгжүүлж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж байна.

Group of people in colorful traditional clothing posing outdoors, with a banner and flags in the background.

Даян дэлхийн байгаль орчны сангийн тухай 

Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС) нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том олон талт санхүүгийн механизм юм. Тус сангийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаанууд нь даян дэлхийн тулгамдсан байгаль орчны асуудлуудыг уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд чиглэдэг ба санхүүжилт нь олон улсын байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.  

Даян дэлхийн байгаль орчны сангийн Жижиг төслийн хөтөлбөрийн тухай 

1992 онд дэлхийн хэмжээнд, 2002 онд Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн Даян дэлхийн байгаль орчны сангийн Жижиг төслийн хөтөлбөр нь дэлхийн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ иргэдийн амьдралын чанар, амьжиргааг дэмжихэд чиглэсэн орон нутгийн төслүүдэд санхүүжилт олгодог. НҮБХХ-ийн хэрэгжүүлдэг тус хөтөлбөр нь иргэний нийгмийн байгууллагуудад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж, орон нутгийн санаачилгад тулгуурлан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулдаг. Монгол Улсад тус хөтөлбөр 500 гаруй иргэдийн санаачилсан төслийг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулсан.

НҮБХХ-ийн тухай 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, эрсдэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг НҮБ ын тэргүүлэх байгууллага юм. НҮБХХ нь дэлхийн 170 гаруй улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран хүн, байгальд ээлтэй, тогтвортой, урт хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлдэг.

Холбоо барих

Б.Хулан | НҮБХХ-ийн Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | khulan.bayarsaikhan@undp.org | 976-99096434