ХХААХҮЯ, НҮБХХ болон ДДБОС-гийн хамтарсан “Монгол улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийн нээлт боллоо

April 9, 2026
Group photo

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Улаанбаатар, 2026 оны 4 дүгээр сарын 9 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-тай хамтран, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийг албан ёсоор эхлүүллээ.

Төслийн нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, салбарын холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, хөгжлийн түншүүд, мөн ноос, ноолуур, арьс ширний салбарын хувийн хэвшлийн өндөр түвшний төлөөлөл оролцов.

Зургаан жилийн хугацаанд хэрэгжих энэхүү санаачилга нь химийн бодисын менежментийн тогтолцоог бэхжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн арга технологийг дэмжих, олон улсын зах зээл дэх Монгол бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар үндэсний ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнд хэрэглэж буй химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулж, үе шаттайгаар халахад чиглэж байна.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь НҮБХХ болон түнш бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, энэхүү төслийг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийлье. Монголын ноос, ноолуур, арьс ширний салбарыг байгальд ээлтэй, өндөр нэмүү өртөг шингэсэн, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд энэхүү төсөл бодит хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцлов. 

Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний салбар нь хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаа, малчдын орлого, мөн үндэсний хөнгөн үйлдвэрийн хөгжлийн чухал тулгуур хэвээр байна. Энэхүү төслийн хүрээнд үйлдвэрлэлийн цэвэр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, химийн бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, инновацийг дэмжих, байгаль орчны эрсдэлийг бууруулахын зэрэгцээ бохир ус болон хог хаягдлын менежментийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: “НҮБХХ нь дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, аюулгүй,  цэвэр нийлүүлэлтийн сүлжээг Монгол Улсад бүрдүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэх болно. Энэхүү төсөл нь химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халж, тогтвортой үйлдвэрлэлийг бэхжүүлэх замаар хүн ба байгальд ээлтэй, бодит үр өгөөж авчрах чухал санаачилга юм” хэмээн тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:

Б. Хулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцаа хариуцсан эксперт, khulan.bayarsaikhan@undp.org

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн тухай 

Даян дэлхийн байгаль орчны сан нь байгаль орчны салбар дахь дэлхийн хамгийн том олон талт сан юм. Түүний харьяа сангууд нь дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн чухал сорилтуудыг харилцан уялдаатай, нэгдсэн байдлаар шийдвэрлэх чиглэлээр хамтран ажилладаг. Тус сангийн хүрээнд олон улсын байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх, холбогдох сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлдэг.