Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь
Төслийн үндэслэл
Монгол Улсын ноолуур, арьс ширний салбар нь хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаа, үндэсний хөнгөн үйлдвэрийн гол тулгуурын нэг хэдий ч эдгээр салбар хурдацтай өргөжин тэлэхийн хэрээр эмзэг бэлчээрийн экосистемд үзүүлэх дарамт нэмэгдэж, боловсруулах үйлдвэрлэлд химийн бодисын хэрэглээ өсөж, хот суурин газрын үйлдвэрлэлийн бүсүүдийн бохирдлын асуудал хурцдаж байна. Бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цочрол, үйлдвэрлэлийн хоцрогдсон технологи, түүхий эдийн гарал үүслийг мөрдөн тогтоох боломж хязгаарлагдмал байдал, аюултай хог хаягдлын менежментийн тогтолцооны сул байдал зэрэг нь нийлүүлэлтийн сүлжээний хэмжээнд байгаль орчин, нийгмийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эдгээр салбарын ажиллах хүчний дийлэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь шинэлэг, эргэлтийн эдийн засгийн зарчимд нийцсэн материалын хэрэглээг дэмжих, илүү цэвэр, нөхөн сэргээх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, будах болон арьс шир боловсруулах үйл явцыг сайжруулах, бохир ус болон хог хаягдлын менежментийг бэхжүүлэх, цахим болон чанарт суурилсан түүхий эдийн тогтолцоог өргөжүүлэхэд чиглэнэ. Эдгээр арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалах, малчдын амьжиргаа болон олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ Монгол Улсын нийлүүлэлтийн сүлжээний өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Зорилго
Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн хорт болон аюултай бодисыг үе шаттайгаар халж, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, химийн бодисын менежментийг сайжруулах, илүү цэвэр, эргэлтийн эдийн засгийн зарчимд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийн арга практикийг дэмжих замаар байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжийг үндэсний болон дэлхийн түвшинд бий болгоход оршино.
Хүлээгдэж буй үр дүн
- Шинэлэг, нөхөн сэргээх үйлдвэрлэлийн зарчимд нийцсэн бүтээгдэхүүн бий болж, эргэлтийн эдийн засгийн бизнесийн загварт тулгуурлан бүтээгдэхүүний загвар боловсруулагдана.
- Тогтвортой эх үүсвэрээс гаралтай, шинэлэг, хариуцлагатай удирдлагатай, дахин боловсруулсан болон дахин боловсруулах боломжтой материал, нөхөн сэргээх болон байгальд суурилсан материалыг боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглана.
- Үйлдвэрлэл, боловсруулах үйл явцыг шинэчилж, ус, эрчим хүчний хэрэглээг бууруулан, химийн хорт болон аюултай бодис ашиглахгүй; бохирдол, хог хаягдлыг багасгаж, хог хаягдалгүй үйлдвэрлэлд чиглэсэн загвар нэвтрүүлнэ.
- Шинэлэг бүтээгдэхүүний зах зээл бий болж, бүтээгдэхүүний удаан хугацаанд ашиглах боломжийг эрхэмлэсэн хэрэглээний зан төлөв төлөвшинө.
- Бүтээгдэхүүн, материалыг үйлдвэрлэгчид буцаан нийлүүлж, дахин ашиглах болон дахин боловсруулах боломжийг бүрдүүлэх буцаан татан авах үйл явц хэрэгжинэ.
- Хөтөлбөрийн үр дүнг хянаж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хариуцлагын болон дасан зохицох тогтолцоо бүрдэнэ.